₮2.2 их наядын алдагдалд хүрээд байгаа улсын төсвийг ₮1.4 их наядаар бууруулах төсвийн тодотголыг Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр (2026.08.20) УИХ-д өргөн мэдүүллээ.

₮1.4  их наядын дараах зардлыг танан гаргахаар Засгийн газар төлөвлөжээ. Үүнд,

-Урсгал зардлаас буюу кабинетийн сайд нарын багцаас 433,4 тэрбум

-Нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум

-Хөрөнгийн зардлаас 249,5 тэрбум, ингэснээр нийт ₮1.4 их наяд 40.9 тэрбум.

Хэмнэсэн зардлыг дараах чиглэлд зарцуулна:

-Боловсролын салбарын дутагдсан цалингийн зардал 674,5 тэрбум

-Эрүүл мэндийн салбарын цалинг 11-р сараас 20% нэмэгдүүлэхэд 90.0 тэрбум

-11-р сараас соёл спорт, бусад төрийн үйлчилгээний салбарын цалинг 50%, шинжлэх ухааны салбарын цалинг 35% нэмэгдүүлэхэд 80.1 тэрбум

-Ахмад настнуудад ирэх 11-р сараас суурь тэтгэвэр олгоход 196,3 тэрбум

-Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөцийг нэмэхэд 150 тэрбум

-Эрчим хүчний үнийн нэмэгдлээс иргэдээ хамгаалах дэмжлэгт 107,3 тэрбум

-Эрчим хүчний салбарт их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум

-Нэг ангид 35-аас дээш хүүхэд суралцуулахгүй байх зорилгоор “Гэрт ойр сургууль” хөтөлбөрт 50 тэрбум.

Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөв өнөөгийн нөхцөл байдалтай хэр уялдсан талаар шинжээчид байр сууриа илэрхийлж байна.

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир сошиал хуудсандаа дараах байр суурийг илэрхийлсэнийг хуваалцаж байна.

ТӨСВИЙН ТОДОТГОЛ: ИНФЛЯЦТАЙ ТЭМЦЭХ ҮҮ, ЭСВЭЛ ДАХИН ӨДӨӨХ ҮҮ?

Эдийн засаг энэ оны эхний хагаст 7.7%-иар өсч, 7-р сарын байдлаар инфляц 13%-д хүрч, төсөв 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай байна.

Эдийн засаг өсч байгаа ч үнэ мөн адил хурдтай өсч байгаа энэ үед төсвийн бодлого эдийн засгийн эрэлтийг дахин тэлэхээс илүү үнийн дарамтыг намжаахад чиглэх учиртай.

Гэтэл төсвийн тодотголоор тэтгэвэр, цалин болон бусад урсгал зардлыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь нэг чухал асуултыг төрүүлж байна:

Инфляцыг бууруулах гэж байгаа энэ үед төсвөөр дамжуулан эрэлтийг дахин тэлж, үнийн дарамтыг улам нэмэгдүүлэх эрсдэл бий болж байна уу?

Энэ бол өнөөдрийн төсвийн тодотголын хамгийн чухал бодлогын асуудал.

ИНФЛЯЦЫН ДОХИОГ ҮЛ ТООЖ БОЛОХГҮЙ

Монголын эдийн засгийн 7.7%-ийн өсөлтийн 3.9 нэгж хувийг уул уурхайн олборлолт бүрдүүлсэн ч өсөлт зөвхөн уул уурхайгаар хязгаарлагдсангүй. Үйлчилгээ, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, барилга ч өсөлтөд хувь нэмэр оруулж байна.

Өөрөөр хэлбэл, эдийн засаг бүхэлдээ агшиж, төр эрэлтийг заавал нэмэгдүүлэх шаардлагатай нөхцөл биш. Харин өсөлттэй зэрэгцээд инфляц 13%-д хүрсэн нь илүү анхаарах дохио.

Махны үнэ өмнөх оноос 52%-иас дээш өсч, АИ-92 бензиний үнэ богино хугацаанд хоёр удаа нэмэгдэн нийт 17.4%-иар, дизель түлшний үнэ 40 орчим хувиар өссөн нь үнийн дарамтыг улам хүчтэй болгож байна.

Мах, шатахууны үнийн өсөлт эхэндээ нийлүүлэлтийн шок байж болно.

Гэхдээ энэ өсөлт тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний өртгөөр дамжин бусад үнэ рүү шилжиж, цалин, инфляцын хүлээлт, дотоодын эрэлтэд нөлөөлж эхэлбэл түр зуурын үнийн өсөлт илүү өргөн хүрээний инфляц болж хувирах эрсдэлтэй.

Ийм үед төсөв эрэлтийг дахин түлхэх бус, эдийн засгийн дарамтыг намжаах талд ажиллах ёстой.

ИРГЭДЭЭ ХАМГААЛАХ НЬ ЗӨВ. ХАРИН ХЭЗЭЭ, ЯАЖ?

Засгийн газар ₮1.4 их наядын зардлыг хэмнэж, чөлөөлөгдсөн эх үүсвэрийг ахмад настны орлого, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, хүнсний нөөц, эрчим хүч зэрэгт чиглүүлэхээр төлөвлөж байна.

Ахмад настны орлогыг хамгаалах шаардлага бий. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн зөрүүг арилгах шаардлага ч бий. Гэхдээ иргэдээ хамгаалах сайн зорилго нь төсвийн зардлыг ямар ч үед нэмэгдүүлэх үндэслэл болохгүй.

Ялангуяа, инфляц өндөр, нийлүүлэлт богино хугацаанд хангалттай нэмэгдэх боломжгүй үед өрхийн гар дээрх мөнгийг нэмэгдүүлэх нь эрэлтийг өсгөж, үнийн дарамтыг нэмэх эрсдэлтэй.

Энгийнээр хэлбэл, бараа, үйлчилгээний нийлүүлэлт тэр дороо нэмэгдэхгүй байхад худалдан авах мөнгө нэмэгдвэл үнэ өсөх дарамт нэмэгдэнэ.

Тиймээс асуудал нь: “Тэтгэвэр, цалин нэмэх үү, үгүй юу?” биш.

Харин: “Хэзээ, хэр хэмжээгээр, ямар аргаар нэмэх вэ?” гэдэгт байна.

Инфляц огцом өсч байгаа үед орлогыг араас нь нэмэхээс илүү эхлээд үнийн өсөлтийг тогтворжуулах нь чухал. Харин инфляц намжиж, буурах чиг нь тодорхой болсон үед тэтгэвэр, цалинг нэмэгдүүлэх нь иргэдийн бодит худалдан авах чадварыг хамгаалах зорилготой илүү нийцнэ.

Өөрөөр хэлбэл, үнийн өсөлтийг араас нь хөөж орлогоо нэмэхээс илүү, эхлээд үнийн өсөлтийг тогтоон барьж байгаад орлогыг нэмэгдүүлэх нь илүү зөв дараалал байж болно.

ТӨСӨВ АЛДАГДАЛТАЙ БАЙХАД УРСГАЛ ЗАРДЛЫГ НЭМЭХ НЬ

Энэ оны эхний 7 сарын байдлаар төсөв аль хэдийн ₮2.2 их наядын алдагдалтай байна. Төсвийн тодотголын дараа алдагдлыг ₮2.0 их наяд буюу ДНБ-ий 2% байхаар тооцжээ.

Алдагдлын хэмжээ дангаараа бүхнийг хэлэхгүй. Ямар үед, юунд зориулж алдагдал гаргаж байна вэ гэдэг нь илүү чухал. Эдийн засаг хүндэрч, хувийн эрэлт огцом буурсан үед төсөв эдийн засгийг дэмжих нь зөв.

Харин эдийн засаг 7.7%-иар өсч, инфляц 13%-д хүрсэн үед байнгын шинжтэй урсгал зардлыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн ямар асуудлыг шийдэж байна вэ гэдгийг асуух хэрэгтэй.

Тэтгэвэр, цалин нэмэгдүүлэх нь зөвхөн тухайн жилийн зардал биш. Өнөөдөр нэмэгдсэн урсгал зардал маргаашийн төсөвт суурь зардал болон үлддэг. Түүхий эдийн үнэ буурч, төсвийн орлого хумигдсан үед ч энэ зардлыг буцааж танах амаргүй. Тиймээс өнөөдрийн инфляцын дарамтыг намжаах гэж байгаад маргаашийн төсвийн дарамтыг нэмэгдүүлж болохгүй.

БҮХ ЗАРДАЛ ИЖИЛ НӨЛӨӨТЭЙ БИШ

Хүнсний нөөц, эрчим хүчний найдвартай байдал, үйлдвэрлэлийн хүчин чадал, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зардал нь дунд хугацаанд инфляцын дарамтыг бууруулахад тусалж чадна.

Харин байнгын урсгал зардлыг нэмэгдүүлж, өрхийн гар дээрх мөнгийг өсгөх нь нийлүүлэлт хязгаарлагдмал үед эсрэгээрээ эрэлтийг нэмэгдүүлж болно. Тиймээс төсвийн тодотголыг зөвхөн “хэдий хэмжээний зардал хэмнэв?” гэж бус харин “хэмнэсэн мөнгөө юунд зарцуулж байна вэ, энэ нь нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үү, эсвэл өнөөдрийн эрэлтийг л өсгөх үү?” гэж харах хэрэгтэй.

ОУВС-ГИЙН САЯХНЫ ҮНЭЛГЭЭ Ч ЭНЭ ЭРСДЭЛИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

ОУВС-гийн 2026 оны Монголын Article IV үнэлгээнд эдийн засгийн өсөлт сайн байгаа хэдий ч төсвийн байр суурь суларч, цалин, тэтгэврийн өсөлт болон бусад зардлын дарамт нэмэгдэх нь өмнө бүрдүүлсэн макро эдийн засгийн хамгаалалтыг нимгэрүүлэх эрсдэлтэйг онцолсон.

Мөн Монголын эдийн засаг уул уурхайн мөчлөгт эмзэг хэвээр байгаа нөхцөлд төсвийн бодлогыг болгоомжтой авч явах, хуримтлуулсан хамгаалалтаа дахин бэхжүүлэх шаардлагыг тэмдэглэсэн байна.

Энэ үнэлгээ өнөөдрийн нөхцөлтэй тун ойр байна. Өсөлт өндөр. Инфляц өндөр. Төсөв алдагдалтай. Урсгал зардлыг нэмэгдүүлэх дарамт үргэлжилж байна.

Ийм үед төсвийн бодлогын хамгийн чухал асуулт нь: “Юу нэмж өгөх вэ?” биш, “Юуг одоо нэмэхгүй байх нь эдийн засагт илүү зөв вэ?” гэдэгт шилжих ёстой. ОУВС-гийн саяхны үнэлгээнд ч өмнө бий болгосон төсөв, макро эдийн засгийн хамгаалалтыг дахин бэхжүүлэх шаардлагыг онцолж байна.

ЗАРЛАГАА БИШ, ДАРХЛААГАА НЭМЭХ ЁСТОЙ

Монгол шиг уул уурхайгаас өндөр хамааралтай эдийн засагт нэг мөчлөг байнга давтагдах эрсдэлтэй. Түүхий эдийн үнэ өснө. Орлого нэмэгдэнэ. Зарлага нэмэгдэнэ.

Харин үнэ буурахад орлого буурна. Гэхдээ сайн үед бий болгосон байнгын зардлаа муу үед буцааж танах амаргүй.

Ингээд төсвийн алдагдал, өрийн дарамт нэмэгдэж, дараагийн хүнд үед эдийн засгаа хамгаалах боломж улам хумигдана. Тиймээс сайн үедээ бүх орлогоо зарцуулах биш, ирээдүйн муу үед ашиглах төсвийн орон зайгаа хадгалж үлдэх нь төсвийн бодлогын гол зарчим байх ёстой.

Төсвийн сахилга бат гэдэг нь мөнгө огт зарцуулахгүй байх тухай биш. Хүнд үед бодлого хэрэгжүүлэх боломжоо сайн үедээ хадгалж үлдэх тухай юм.

БОДЛОГЫН ЗӨВ ДАРААЛАЛ

Энд тэтгэвэр, цалин нэмэхийн эсрэг байр суурь яриагүй.

Ахмад настны орлогыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалинг сайжруулах шаардлага байгааг хэн ч үгүйсгэхгүй. Харин инфляц 13%-д хүрсэн энэ үед орлогыг нэмэгдүүлэх бодлого өөрөө үнийг улам өсгөх дарамт болохоос хэрхэн сэргийлэх вэ гэдэг нь гол асуудал.

Үнэ өсөөд байхад орлогыг араас нь нэмээд байх нь иргэдийн бодит амьдралыг хамгаалах урт хугацааны шийдэл биш. Цалин, тэтгэвэр нэмэгдэхийн хэрээр бараа, үйлчилгээний үнэ дагаж өсвөл гар дээрх мөнгөний хэмжээ нэмэгдсэн ч тэр мөнгөний худалдан авах чадвар төдийлөн сайжрахгүй.

Тиймээс бодлогын дараалал чухал. Эхлээд инфляцыг намжаая. Дараа нь орлогыг нэмэгдүүлье. Инфляц буурч, үнэ тогтворжих үед хийсэн тэтгэвэр, цалингийн өсөлт иргэдийн бодит орлогыг хамгаалахад илүү үр дүнтэй.

Харин өнөөдрийнх шиг эрэлт өндөр, нийлүүлэлтэд дарамт үүссэн, мах, шатахууны үнэ огцом өссөн үед төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэх нь сайн зорилготой байсан ч үнийн өсөлтийг улам удаан үргэлжлүүлэх эрсдэлтэй.

Монголын эдийн засаг одоо өсөлтгүйдээ биш, өсөлтөө инфляц, ханш, өрийн дарамтаар төлөх эрсдэлтэй байгаагаараа анхаарал татаж байна.

Мах, шатахууны үнийг бид төсвийн бодлогоор шууд тогтоож чадахгүй. Харин тэдгээрийн эдийн засагт дамжих нөлөөг төсөв, мөнгөний бодлогоор хэр хэмжээнд зөөлрүүлэх вэ гэдгээ өөрсдөө шийднэ.

Тиймээс өнөөдрийн гол асуулт: Инфляц өндөр байхад эрэлтийг дахин нэмэгдүүлэх үү, эсвэл эхлээд үнийн дарамтыг намжаах уу?

Хариулт нь тодорхой. Эхлээд эдийн засгаа тогтворжуулъя. Дараа нь орлогыг өсгөе.

Эцсийн дүндээ иргэдээ хамгаална гэдэг нь зөвхөн өнөөдөр илүү их мөнгө өгөх тухай биш. Өнөөдөр өгсөн мөнгө маргааш үнийн өсөлтөд дахиад л “идэгдчихгүй” байх нөхцөлийг бүрдүүлэх тухай юм.

Leave a Reply

Trending