“Оюутолгой” компани 2013 оноос хойш “Өвөр Монголын Эрчим хүчний групп”-д нийтдээ $1.7 тэрбум төлсөн.
Сэргээгдэх эрчим хүчний хамгийн том төслийн аукцион өчигдөр (2026.09.24) маш өрсөлдөөнтэй явагдаж өндөрлөлөө. Аукционд оролцохоор 10 компани сонирхлоо илэрхийлсэн ч эцсийн шатанд 2 компани дэнчингээ байршуулж, үнэ хаялцлаа. 9.5 ам.цент/кВт.цаг үнээс эхэлсэн дуудлага худалдаа нэг цаг хагас үргэлжилж, анхны үнээс 20 орчим хувиар бууран 7.9 ам.цент/кВ.цаг үнээр “М Си Эс Интернэйшнл”, “Нет Зеро Тек”, “Өвөр Монголын Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа” компаниудын хамтрал “Говийн бүсэд тогтворжуулах шийдлүүд бүхий Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих Багц-2” төслийн гүйцэтгэгчээр тодорлоо.
Энэ төсөл нь Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэгжих хамгийн том чадлын төсөл болж байгаагаараа. 270 МВт хүчин чадалтай нар ба салхин (нарны 170 МВт, салхины 100 МВт) станцын нийт хөрөнгө оруулалт 400 сая орчим ам.доллар гэсэн тооцоололтой. Санхүүжилтынхээ 30%-ыг өөрсдийн эх үүсвэрээс, үлдсэнийг гадаадын банк, санхүүгийн байгууллагаас босгохоор төлөвлөсөн.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр “Оюутолгой” үйлдвэрийн шаардлагатай эрчим хүчний 70%-ийг хангах юм. 2009 онд зурагдсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-д “Эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг дөрвөн жилийн дотор Монгол Улсаас хангана” хэмээн тусгасан ч өнөөг болтол дотоодын эх үүсвэрийг бий болгоогүй явсаар өнөөдрийг хүрсэн.

“Оюутолгой” нь 2013 оноос хойш одоо болтол эрчим хүчний хангамжаа “Өвөр Монголын Эрчим хүчний групп”-ээс авч байгаа бөгөөд 2013 оноос хойш нийтдээ $1.7 тэрбум төлсөн. Оюутолгойн үйлдвэрлэл өргөжихийн хэрээр Хятадаас авах эрчим хүчний хэмжээ жилээс жилд нэмэгдсээр ирсэн. Өнгөрсөн 2025 онд гэхэд “Оюутолгой” эрчим хүчний төлбөрт $142 саяыг төлжээ. “Оюутолгой”-н Хятадаас авч буй эрчим хүч нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй юм.
Төслийг хоёр жилийн хугацаанд дуусгахаар төлөвлөж байгаа хэмээн аукционд ялсан гүйцэтгэгч компани мэдэгдсэн. Ингэснээр 2028 оноос “Оюутолгой”-н өмнөд хөршид төлж буй эрчим хүчний төлбөр Монголдоо үлдэх юм.
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд 2019 онд өөрчлөлт оруулж, аукцион зохион байгуулах эрх зүйн орчин бүрдсэн ч энэ оны 6-р сар хүртэл аукцион явагдаагүй. Сэргээгдэх эрчим хүчний анхны аукцион энэ оны 6-р сарын 18-нд явагдаж, Говьсүмбэр, Булган, Дундговь, Өвөрхангай, Хэнтий аймгуудад нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын систем байгуулах төслүүдийн гүйцэтгэгчдийг тодруулсан. Анхны аукционд гадаад, дотоодын 115 компани сонирхлоо илэрхийлснээс аукционд 19 компани өрсөлдсөн юм. Анхны аукцион бараг 10 цаг үргэлжилсэн билээ.
Анхны аукционаар шалгарсан компаниудын төслийн гүйцэтгэл 70-80%-ийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа бөгөөд өвлийн ид ачааллаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг Эрчим хүчний яам мэдээлж байна. Булган, Өвөрхангай, Говьсүмбэр, Дундговь аймагт тус бүр 50 МВт суурилагдсан хүчин чадал бүхий нарны цахилгаан станцыг 30 МВт чадал, 100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийн хамт байгуулах бол Хэнтий аймгийн хувьд шугамын нэвтрүүлэх чадвар, тухайн аймгийн хэрэглээнээс хамаараад нарны цахилгаан станц нь 20 МВт, батарей нь 15 МВт/40 МВт.цаг байх юм.
Хоёр удаа явагдаж буй аукцион нь эрчим хүчний салбарт шинэ салхи оруулж байна. Юун түрүүнд эрчим хүчний салбарт ил тод, өрсөлдөөнт байдлыг авчирч, үнийг хямдруулах, валютын гадагшлах урсгалыг зогсоох давуу талыг авчирч байна.
Монголын эрчим хүчний систем Оросоос хамааралтай явсаар ирсэн. Харин өнгөрсөн 8-р сард “Оюутолгой”-н санхүүжилтээр баригдсан 220 кВт-ын “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламж ашиглалтад орсноор Өвөр Монголын эрчим хүчний системтэй залгагдан ажиллах боломжтой болсон. Энэхүү байгууламж ашиглалтад орсоны дараахан Оросын “Сибирьский экономист” хэвлэлд “монголчууд хятадуудыг эрчим хүчний салбар руугаа оруулаад ирлээ” хэмээн буруутгасан нийтлэл гарч байсан. Энэ нийтлэлд гарсан утга санаа хоёр дахь удаагийн аукционы тойрон өрнөсөөр байна. Эрчим хүчний найдвартай байдлыг эх үүсвэрээ олшруулж, диверсикаци хийснээр баталгаажуулах болохоос нэг газраас, шууд хэлэхэд зөвхөн Оросоос хараат байх нь аюулгүй байдлыг хангахгүй юм.
Мөн уг аукционд MCS компанийн хамтарсан түншлэл ялсанд дургүйцсэн хүмүүс хэд хоног амаа билүүдэж байна.
Эцсийн эцэст дотоодын эрчим хүчний хангамж найдвартай байж, үндэсний компаниуд том төслийн бүтээн байгуулалтаа гардан хийж, дотоодын инженер, техникийн ажилтнуудын ур чадвар сайжирч, гадагшаа төлж буй валютын урсгалыг дотооддоо шингээж үлдээх нь Монголд л хэрэгтэй. Энэ аукционд MCS ялсан нь буруу юм шиг, Хятадын эрчим хүчний системтэй холбогдох суваг нээгдсэн нь буруу юм шиг ярихын оронд нэг ч гэсэн салбарт тендерийг авлигаар биш ил тодоор үнээрээ өрсөлдөөд “би чадна” гээд авч байгаад нь, нэг ч гэсэн салбар интеграцид орж байгаад баярлах хэрэгтэй.




Leave a comment