2026 онд Монголын хөрөнгийн биржийн хувьцааны зах зээл индексийн өсөлт болон хоёрдогч зах зээлийн арилжааны мөнгөн дүнгээр өмнөх оноос идэвхжиж байгаа ч энэхүү өсөлт цөөн тооны, өндөр үнэлгээтэй хувьцаанд төвлөрсөн дүр зураг ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, арилжааны мөнгөн дүн нэмэгдсэн ч арилжигдсан хувьцааны тоо ширхэг мэдэгдэхүйц буурчээ.
2026 оны 9-р сарын байдлаар хувьцааны өдрийн дундаж арилжааны мөнгөн дүн 591.3 сая төгрөгт хүрсэн нь 2025 оны 517.7 сая төгрөгийн дунджаас +14.2%-иар өссөн үзүүлэлт юм. Харин арилжигдсан хувьцааны тоо ширхэг эсрэг чиглэлд хөдөлжээ. 2025 онд өдөрт дунджаар 1,628,553 ширхэг хувьцаа арилжигдаж байсан бол 2026 онд энэ үзүүлэлт 1,042,737 ширхэг болж, -36.0%-иар буурсан байна.
Энэ зөрүү нь зах зээлийн идэвхжил нийт хувьцаанд жигд тархаагүй, харин харьцангуй өндөр үнэтэй, том капиталжилттай цөөн компанид төвлөрч байгааг харуулж байна. Үүнийг арилжааны төвлөрөл илүү тодорхой харуулна. Он гарснаас хойш ₮1 тэрбумаас дээш арилжааны дүнтэй 16 компани зах зээлийн нийт хувьцааны арилжааны үнийн дүнгийн ойролцоогоор 90%-ийг бүрдүүлжээ. Ийнхүү мөнгөн дүн өсч байгаа хэдий ч ижиг болон харьцангуй хямд үнэлгээтэй хувьцаануудын арилжааны идэвх сул хэвээр байна.
Нийт арилжааны дүнг харьцуулбал, 2025 оны бүтэн жилийн 247 арилжааны өдөрт ₮127.86 тэрбумын хувьцааны арилжаа хийгдсэн. Харин 2026 оны 9-р сарын 25-ныг хүртэлх 180 арилжааны өдөрт ₮106.43 тэрбум арилжаа хийгдээд байна.
Санхүүгийн салбарын жин улам нэмэгдэв
Салбараар нь авч үзвэл зах зээлийн арилжаанд санхүүгийн салбарын хувьцаанууд үнэмлэхүй давамгайлж байна. Тус салбар 2025 онд нийт хувьцааны арилжааны үнийн дүнгийн 64.4%-ийг бүрдүүлж байсан бол 2026 онд энэ үзүүлэлт 70.7% болж өсчээ. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр арилжаалагдаж буй ₮10 тутмын ₮7 орчим нь санхүүгийн салбарын хувьцаанд ногдож байна.
Харин уул уурхайн салбарын арилжааны эзлэх хувь 13.7%-иас 8.1% болж мэдэгдэхүйц буурснаар салбаруудын дундах хоёрдугаар байр сууриа алдлаа. Үүний эсрэгээр хүнсний үйлдвэрлэлийн салбарын эзлэх хувь 9.2%-иас 12.0% болж өсч, арилжааны дүнгээр санхүүгийн салбарын дараа орох хоёр дахь томоохон салбар болж байна.
Эх сурвалж: marketinfo.mn




Leave a comment