Оюутолгой уурхайд гарсан үйлдвэрийн осолд өртсөн 15 ажилтны 2 нь Улаанбаатар хотод эмчлүүлж, бусад 13 нь эмчийн хяналтаас гарсан хэмээн “Оюутолгой” компани 10-р сарын 30-ны өдөр мэдээллээ. Эмчлүүлж буй 2 ажилтны гэмтлийн зэрэг нь амь насанд халгүй гэжээ.

Энэхүү осол нь чичирхийллийн улмаас чулуулаг нурсанаас үүдэлтэй гарчээ.

АҮЭБЯ-наас мэдээлснээр “Оюутолгой” компанийн MV-006709 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй далд уурхайд 10-р сарын 29-ний 18.00 цагийн орчимд  чичирхийлэл үүсч, улмаар далд уурхайн +1300 олборлолтын түвшний штрек малталтад чулуулгийн нуралт болсон. Чичирхийллийн бүсэд ажиллаж байсан 15 ажилтан чулуугийн нуралтад өртжээ. Осол гарсан даруйд Монгол Улсад мөрдөж буй аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, журмын хүрээнд Оюутолгойн уурхайн аврах ажиллагааны баг шуурхай арга хэмжээ авч, далд уурхайд ажиллаж байсан бүх ажилтны уурхайгаас гаргаж, осолд өртсөн ажилтнуудад эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэн, эрүүл мэндийг нь хянаж, зарим ажилтныг Улаанбаатар хот руу тээвэрлэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа тухай “Оюутолгой” компани 29-ний өдрийн орой мэдээлсэн.

Ослын талаарх дүгнэлт, ослын шалтгааныг судлан тогтоох үүрэг бүхий ажлын хэсгийг АҮЭБЯ, АМГТГ, ЭБМЗ-ийн төлөөллийг оролцуулан байгуулж газар дээр нь ажиллуулж хяналт шалгалт хийж эхэлжээ.

Чулуулгийн нуралт үүссэн зурвас талбайгаас бусад хэсэгт нөлөөлөл үүсээгүй болохыг урьдчилсан үзлэгээр тогтоосон хэмээн “Оюутолгой” мэдээллээ.

“Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх FB хуудсандаа дараах постыг үлдээжээ.

“Өчигдөр гүний уурхайд болсон чичирхийллийн улмаас чулуулгийн нуралт үүссэн. Болсон үйл явдлын талаар сонсоод ажилтнуудын маань ар гэр, хайртай дотнын хүмүүсийн адил санаа тавьж асуусан олон хүн бий.

Манай багууд шуурхай арга хэмжээ авч, гүнд ажиллаж байсан бүх ажилтныг бүртгэн аюулгүй ажиллагааг хангасан. Сорилттой цаг үед оюутолгойчууд цул болж ажиллалаа. Уурхайн үйл ажиллагааг шат дараатайгаар хянан баталгаажуулж, аюул ослын эрсдэлийг бууруулахаар ажиллаж байгаа хамт олондоо баярлалаа. Нуралтад өртсөн ажилтнууд яаралтай тусламж авсан, гэхдээ сэтгэл зүйн хувьд амаргүй байгаа.

Нэгэнд маань хэцүү зүйл тохиолдоход бусад нь хажууд нь байж, чадах зүйлээрээ тусалж, бие биеэ түшдэг. Үүний адилаар холбогдох байгууллагууд мэргэжлийн зөвлөгөө, чиглэл өгч байгаад талархаж байна.

Нуралт зурвас талбайд болж, гүний уурхайн бусад хэсэгт нөлөөлөөгүй ч уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй чичирхийллийн эрсдэлд илүү сайн анхаарахыг санууллаа.

Хүний амь нас, эрүүл мэндээс илүү чухал зүйл гэж үгүй. Бид хүнээ үргэлж нэгдүгээрт тавьж, аюулгүй ажиллагаагаа улам бэхжүүлэх болно” гэжээ.

Leave a Reply

Trending