Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10-р сарын 19-27-ны өдрүүдэд Европын гурван улсаар амжилттай айлчиллаа. Холбооны Бүгд найрамдах Герман улс, Бүгд Найрамдах Финланд улс, Бүгд Найрамдах Беларусь улс гэсэн хоорондоо ялгаатай, өвөрмөц онцлогтой, өөр өөрийн хөгжлийн замтай 3 улсад айлчиллаа. Айлчлалын үеэр хийсэн яриа, зурагдсан баримт бичгүүд Монгол Улсын тус улсуудтай харилцах харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргалаа. Харилцаа, хамтын ажиллагааг нэгд, эдийн засаг, бизнес, хоёрт, түүх, соёл, гуравт, боловсролын хамтын ажиллагаанд төвлөрсөн айлчлал байлаа.
Гурван улсад гурвууланд нь зохиогдсон Бизнес форумд манай талаас 60 гаруй компани оролцож бизнесийн яриа, хэлцээ хийсэн нь Монголын бизнесүүдийн хувьд нэгэн зэрэг гурван улсад бизнесээ таниулах, тухайн орны зах зээлийг судлах, мэдрэх сайхан боломж байлаа. Монгол-Германы бизнес форумаар 35.5 сая, Монгол-Финландынхаар 10 сая, Монгол-Беларусийнхаар 50 сая, нийт 95.5 сая ам.долларын үнийн дүн бүхий баримт бичгүүд баталгаажлаа.
Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын өөр нэг онцлон дурдах ёстой зүйл нь Монголынхоо түүх, өв соёлыг сурталчилсан, боловсролын харилцааг өргөжүүлсэн айлчлал байлаа. Монголчууд Германд боловсрол эзэмшиж эхэлсэний 100 жилийн ойн арга хэмжээнүүд, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн өвийг мөнхжүүлсэн, их эзэн Чингис хааны түүхэн үүргийг шинэ өнцгөөс европчуудад таниулсан, Монголынхоо урлагийг түгээн сурталчиллаа. Мөн төрийн тэргүүний айлчлалын хүрээнд анх удаа Берлин хотноо хоёр Шинжлэх ухааны өдөрлөгийг зохион байгуулсан нь жишиг болон үлдэх болтугай.
Тусгаар улсын Ерөнхийлөгчийн хувьд хүний моринд дайгдалгүй, үндэсний агаарын тээвэрлэгчээр гурван улсын таван хотоор нисэн буугаад ирсэн нь татвар төлөгчдийг мөнгийг үрсэн гэсэн шүүмжээс илүүтэй, Монгол төрийн ёс ёмбогор, төр төмбөгөрийг харуулсан хэрэг байлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн уулзсан гурван Ерөнхийлөгч ч мөн өөр өөрийн онцлог, харизм, түүхтэй хүмүүс байлаа.
“Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг үгийг сурсан Штайнмайэр

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийг эх орондоо хүлээн авсан Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр энэ өдрүүдэд манай урд хөрш Хятадад айлчилж явна.
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 1956 оны 1-р сарын 5-нд Нордрайн мужийн Детмолт хотод төрсөн, эдүгээ 70 насыг зооглож буй тэрбээр эрх зүй, улс төрийн чиглэлээр Хессен мужийн Гиссен хотод дээд боловсрол эзэмшсэн.
“Орон гэргүй иргэд, тэднийг орон сууцаар хангах төрийн үүрэг ба орон сууцтай байх эрх: Орон гэргүй байдлаас урьдчилан сэргийлэх, түүнийг шийдвэрлэхэд чиглэсэн төрийн оролцооны уламжлал ба хэтийн төлөв” сэдвээр Хууль зүйн ухааны докторын зэргийг 1991 онд хамгаалсан.
Ерөнхийлөгч Штайнмайэр 2024 онд Монголд айлчилж, ихээхэн өндөр сэтгэгдэлтэй буцжээ. Монголд айлчлах үеэрээ “дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэсэн сургамжит үгийг сурч авсандаа олзуурхдаг ажээ. Монголчуудын түүх соёлыг бахархан, хүндэтгэдгийн илэрхийлэл болгон “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлтэд эхнэрийн хамт морилсон. Арав гаруй жилийн өмнө эхнэр нь аюулт өвчинд нэрвэгдэх үед эхнэртээ эрхтэний донор болж байжээ.
Штайнмайэр 2017 онд Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2022 онд улиран сонгогдсон. Он гараад 2027 оны 1-р сарын 30-ны өдөр ХБНГУ шинэ Ерөнхийлөгчтэй болно. Герман бол холбооны тогтолцоотой парламентын Бүгд найрамдах улс. Холбооны Ерөнхийлөгчөө Бундестагийн нийт гишүүн болон муж улсуудын парламентаас сонгогдсон, Бундестагийн гишүүдийн тоотой тэнцүү тооны төлөөлөгчөөс бүрдэх Холбооны хурлаас 5 жилийн хугацаатай сонгодог.
Германы дараагийн Ерөнхийлөгч эмэгтэй байх магадлал өндөр гэсэн яриа бий. Хэдийгээр 1-р сарын 30 -нд шинэ Ерөнхийлөгчөө сонгох ч гэлээ Штайнмайэрийн бүрэн эрхийн хугацаа 2027 оны 3-р сарын 18-нд дуусгавар болох юм.
Сарын өмнө болсон Германы муж улсуудын сонгуульд зүүний үзэлтэй намууд болон баруун жигүүрийн “Германы төлөөх өөр сонголт” (AfD) нам хэд хэдэн мужид давуу санал авч Канцлер Фридрих Мерцийн тэргүүлсэн Христийн ардчилсан холбоог (CDU) барьц алдуулсан. Анхнаасаа барцадтай томилогдсон Канцлер Фридрих Мерц болон түүний тэргүүлж буй намын рейтинг улам бүр унасаар байгааг судалгаанууд харуулсаар байна.
Нэгэн үе хүчирхэг байсан Германы эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчээ алдсан. Орос-Украины дайнаас өмнө Оросоос маш хямд үнээр байгалийн хий авч байсан нь эдийн засгийг ихээхэн тэтгэсэн. 2025 оны жилийн эцсийн байдлаар ДНБ нь 4.46 их наяд евро, нэг хүнд ногдох ДНБ нь 53.538 евро, инфляц нь энэ оны II улирлын байдлаар 2.3%-тай байна.
Европын ирээдүйтэй улстөрчид тооцогдож буй Александер Стубб

Европын төдийгүй дэлхийн хамгийн ирээдүйтэй улстөрчдийн нэгэнд Финландын Ерөнхийлөгч Александер Стубб тооцогдож байна.
Манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үдэн мордуулсанаас хойш 2 өдрийн дараа Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стерёгийн хамтаар Путинтэй утсаар ярьж сенсаац дэгдээсэн. Орос Украин руу түрэмгийлснээс хойш Финландын зүгээс Оростой харилцаж буй анхны тохиолдол боллоо. Сүүлд 2022 онд тухайн үеийн Ерөнхий сайд Саули Ниинистё Путинтэй утсаар ярьж Финланд НАТО-д элсэн орж байгаагаа мэдэгдэж байжээ.
Түүхийн хугацаандаа хэд хэдэн удаа харилцан дайтаж явсан хөрш хоёр улс болох ОХУ, Финландын харилцаа өнөө цагт хүйтрэлийн үе дээрээ яваа. Харин Стуббын энэ алхам хоёр орны харилцааг бүлээсгэсэн явдал боллоо гэж хэвлэлүүд бичиж байна. Нөгөө талаар Орос, Украины хооронд энхийг тогтоох Дональд Трампын оролдлого амжилт олохгүй байгаа учраас өөрсдөө гар бие оролцон Европт энхийг тогтоохгүй бол сунжирсан дайны уршиг бүх талд ашиггүй байж, бүгдийг хөлдөө чирч байгааг тэвчин суух аргагүй болсон хэрэг. Дөрвөн жил сунжирсан дайн тав дахь жил рүүгээ ч орж магадгүй болоод байгаа.
“Одоогийн шатанд чимээгүйхэн хэлэлцээрээр энх тайван тогтохгүй нь. Дайныг дуусгахын тулд шууд харилцан ярилцах шаардлагатай байна, энэ нь ч Финландын эрх ашиг юм” хэмээн Александер Стубб Путинтэй ярьсаны дараа мэдэгдсэн.
Эдүгээ 58 настай Стубб Финландын нийслэл Хельсинки хотод швед гэр бүлд төрсөн. АНУ-ын Өмнөд Каролинагийн Фурманы их сургуульд улс төр судлалын бакалавр, Францын Парис хотын Сорбоннын их сургуульд франц хэл, соёл иргэншил чиглэлэээр бакалаврын дараах сургалтыг дүүргэсэн, Бельгийн Брүж хотын Европын коллежийн Европын улс төр судлалын магист хамгаалж, Их Британийн Лондон хотын Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны их сургуульд олон улсын харилцааны докторын зэргийг хамгаалсан.
2024 оны 3-р сарын 1-нээс Финландын 13 дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Стуббын бодлого, шийдвэрийг финчүүд ихээхэн дэмжиж, рейтинг нь улам өссөөр буй. Дэлхийн хамгийн аз жаргалтай оронд тооцогддог орны Ерөнхийлөгч өөрийн орны хөгжин цэцэглэлтэд эргэлзэхгүй байгаагаа Монгол-Финландын бизнес форумыг нээж хэлсэн үгэндээ онцолсон.
“Батя” Лукашенко

Дэлхийд хамгийн удаан засаглаж буй удирлагчийн нэг бол яах аргагүй Беларусийн Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко бөлгөө. 1954 онд Беларусийн Вытебск мужийн Копысь хотод төрсөн тэрбээр 1994 оноос хойш Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Сүүлд буюу 2025 оны 1-р сард явагдсан сонгуулиар сонгогчийн 86.8%-ийн санал авч 7 дахь удаагаа сонгогдсон. Могилев хотын Багшийн их сургуулийг түүхч мэргэжлээр төгссөн Лукашенког беларусьчууд “Батя” хэмээн авгайлдаг.
32 жил тасралтгүй засаглаж буй Лукашенко дарангуйлагч мөн, биш эсэх дээр мэтгэлцэхээс өмнө беларусьчуудын амьдрал ЗХУ-ын бүрэлдэхүүнээс салсан 1990 оноос хойш хэдэн хувь дээшилж, айлаас гуйхгүйгээр улс орноо дотоодын үйлдвэрлэлээр бүх зүйлээр хангаж чадаж, хот хороо нь хог шороогүй, эмх цэгцтэй байгаа нь бодит байдал ажээ. Гэсэн ч Минск хот соц үеийн дүр төрхөө өнөөг хүртэл хадгалсаар байгаа нь сонихон байлаа.
Батя хүүгээ өөрийн залгамжлагчаар бэлдэж, гадаадын айлчлал, олон улсын хуралд дагуулж явдаг.
Айлчилсан гурван улсаас Монголтойгоо эдийн засаг, бизнесийн харилцааг өргөжүүлэх чин сэтгэл Беларусаас мэдрэгдсэн. Хүнд машин механизм, ХАА-н машин, тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүнээ экспортлох хүсэлтэй байна. Ганц Ази ч биш Африкийн орнууд руу хүнд машин механизм, трактораа Беларусь экспортолж байна.
“Гарт баригдах, ард иргэдэд хэрэгтэй 2-3 тодорхой төсөл хэрэгжүүлье” хэмээн шахамдуулж байсан Батяд Монголын ноос, ноолууран утсыг тэдний маалингатай нийлүүлэн даавуу хийх төсөл таалагдсан байх аа.




Leave a Reply