Монгол Улс, Япон Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2015 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр байгуулж, 2016 оны зургадугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Монгол Улс чөлөөт эдийн засагтай болсноос хойш гадаадын улс оронтой хийсэн чөлөөт худалдааны анхны хэлэлцээр бөгөөд далайд гарцгүй Монгол Улсын хувьд эдийн засгийн хамтын ажиллагааны цоо шинэ хэлбэр болсон юм.

Энэхүү хэлэлцээр нь Үндсэн болон хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй заалтуудыг тусгасан Тусгайлсан хэлэлцээрээс бүрдсэн. Нийт 17 бүлэг, 10 хавсралт, хэрэгжүүлэх хэлэлцээр бүхий бүхий цогц баримт бичиг юм.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр барааны худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горим, эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуй, худалдаан дахь техникийн саад тотгор, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, маргаан шийдвэрлэх, ерөнхий болон төгсгөлийн зүйл, хамтын ажиллагаа, хувь этгээдийн шилжилт хөдөлгөөн, засгийн газрын худалдан авалт зэрэг тодорхой асуудлыг зохицуулсан.

Барааны төрлөөр авч үзвэл Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн ангиллаар Монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулахаар хэлэлцээрт тугасан. Ингэхдээ Монгол Улс эдгээр импортын барааны гаалийн тарифын 59 хувийг (3429 төрлийн бараа), харин Япон улс 86 хувийг (8000 төрлийн бараа) хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус тус шууд чөлөөлөхөөр заасан.

Хэрэгжиж эхлээд 8 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байгаа ч хэлэлцээрийн хэрэгжилтийн үр дүн хүлээлтээс доогуур байна. Хоёр орны импорт, экспортын үзүүлэлт, бүтэц өнгөрсөн хугацаанд бараг өөрчлөгдөөгүй нь үүнийг нотолно. Монгол талаас ч, Японы талаас ч хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар үнэлгээ өгсөн алхмуудыг өнгөрсөн хугацаанд нэг бус удаа хийж, хэлэлцээрийн үр дүн хоёр талдаа илүү үр дүнтэй байх талаар дүгнэлтүүд гарч байсан ч хоосон ярианаас хэтрэхгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Анхны хэлэлцээрийн үр дүн муутай байхад дараагийн улсуудтай, тухайлбал, БНХАУ болон БНСУ-тай ижил төрлийн хэлэлцээр байгуулах бэлтгэл хийгдэж байгаа талаар албаны хүмүүс мэдээлж байгаа. Эдгээр яригдаж байгаа хэлэлцээр амжилттай болох эсэх нь анхны хэлэлцээрийн үр дүнгээс шууд хамааралтай. Өнгөрсөн хугацаанд хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар хоёр талаас илэрхийлсэн байр сууриудад Монголын талаас шалтгаалах ажил их байгааг дурдсаар ирсэн байдаг.

Японы хувьд Монголыг оролцуулаад дэлхийн 21 улстай Чөлөөт худалдааны болон ЭЗТХ-тэй.

2019 онд Аналитик хөгжлийн судалгааны хүрээлэнгээс “Монгол-Япон улсын хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” сэдвээр бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулж үнэлэлт, дүгнэлт өгсөн байдаг. Уг хэлэлцүүлгийн үеэр “энэхүү хэлэлцээр нь эдийн засгийн хувьд төдийлөн ач холбогдолтой бус байжээ” гэж дүгнэсэн байдаг.

Хэлэлцээр анх байгуулагдаж байх үед үр дүн богино хугацаанд гарахгүй гэдгийг ойлгож байсан ч үр дүн гаргах чиглэлд чармайлт гаргахгүй байгаа нь одоогийн хамгийн гол асуудал болоод байна.

Япон улстай хийсэн энэхүү хэлэлцээрийн ач холбогдол өндөр. Ялангуяа хоёрхон хөрштэй Монгол орны хувьд гуравдагч хөршийн улстай гадаад худалдааг идэвхижүүлэх хэлэлцээр хийсэн нь хоёр хөршийн худалдааны хамаарлыг бууруулах, экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилготой байсан. Ингэснээр экспортын шинэ зах зээл нээснээр валютын урсгал нэмэгдэж, улмаар макро эдийн засгийн тогтвортой байдалд эергээр нөлөөлнө, мөн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ахиц дэвшил авчирна. Монголын экспортод овор хэмжээ, жин ихтэй бүтээгдэхүүн зонхилж байгаа байдлыг гуравдагч оронд бүтээгдэхүүн экспортлох боломжийг нэмэгдсэнээр овор хэмжээ, жин багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхэц өгөх тул чухал ач холбогдолтой гэсэн алсын хараа байсан. 

Хэлэлцээрийн үр дүнг амжилттай байлгахад Монголын тал экспортыг дэмжих цэгцтэй тогтвортой бодлоготой байж, түүнийг хэрэгжүүлэх механизм ба институцийн чадавхтай байх, эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлж, үйлдвэрлэх чадавхаа дээшлүүлэх шаардлагатай байсан ч өнөөг болтол дорвитой ахиц гарсангүй.

2021 он зургадугаар сард ЖЭТРО-гоос Монголын бизнес эрхлэгчдэд зориулан хийсэн семинарын үеэр Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны Худалдааны бодлого зохицуулалтын газрын Зүүн хойд Азийн хэлтсээс ЭЗТХ-ийн хэрэгжилтийн талаар тоймлон танилцуулсан. Уг танилцуулгад “Япон- Монгол улс хооронд ЭЗТХ хэрэгжиж эхэлсээс хойш 5 жил өнгөрч байгаа боловч харамсалтай нь шинэ хэлбэрийн корона халдварт өвчин дэлхий дахинд тархсан нөлөө байгаа хэдий ч гадаад худалдаа болон хөрөнгө оруулалт нь хоёр улсын найдаж хүлээж байсан хэмжээнд хүрээгүй нь бодит үнэн. Коронагийн дараах үеийг угтан ЭЗТХ (EPA)-г үр дүнтэй ашиглаж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-г нэг шат ахиулан бэхжүүлж шаардлагатай. ЭЗТХэлэлцээрийг үр дүнтэй ашиглахад ЭЗТХ-ийг сайтар ойлгосон байх хэрэгтэй. Хоёр улсын ААН, ялангуяа Монгол улсын жижиг, дунд ААН нь ЭЗТХ-ийн талаарх ойлголт муу байгаа байдал ажиглагдаж байна. Түгээн дэлгэрүүлэх, ухуулан таниулахын тулд семинар болон сургалт, гадаад худалдааны зөвлөхийг сурталчлан таниулах арга хэмжээ авах хэрэгтэй болов уу. ЭЗТХ нь хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийн төлөөх хамгийн сайн хэрэгслийн нэг бөгөөд энэ хэрэгслийг үр дүнтэй ашиглах, Монгол улсын хүсч буй Япон улс руу хийх экспорт, Японоос оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд зөвхөн Монгол улсын ААН-үүдийн хүчин чармайлт төдийгүй Монгол улсын Засгийн газар, гадаад худалдааг хөгжүүлэх байгууллага нь илүү их дэмжин ажиллах хэрэгтэй болов уу” гэсэн дүгнэлтийг өгч байжээ.

Японд төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгээс ЭЗТХ-ийн хэрэгжилтийн талаар өнгөрсөн онд ЭЗТХ-ийн хэрэглээ, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй нийтлэг асуудлууд” нэртэй судалгаа хийснээ Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб-т хоёрдугаар сарын 21-нд танилцуулсан юм. Энэхүү судалгааны дүн ч гэсэн өмнө хийгдэж байсан үнэлгээ, дүгнэлтээс хол зөрөөгүй байна.

ЖУГАМО нийгэмлэгийн гүйцэтгэх захирал З.Сугарын хэлснээр ЭЗТХ хэрэгжиж эхэлснээс хойш Монголоос Япон руу нийлүүлж байгаа бараа, бүтээгдэхүүн төдийлөн нэмэгдээгүй, харин Японоос Монголд нийлүүлж байгаа бараа бага зэрэг нэмэгдсэн ч үүний шалтгаан ЭЗТХ гэж хэлэхэд учир дутагдалтай гэлээ.

Монголын экспортлогч компаниудын 12%, Японы компаниудын 24% нь ЭЗТХ-ийг ашигласан, мөн Японы компаниудын 21 хувь нь энэ гэрээг ашиглахаар судалж байна гэжээ. Хэлэлцээрийн талаарх сурталчилгаа мэдээлэл Монголын талд тун хомс байгааг судалгаа харуулсан байна. Харин Японы тал Монгол Улстай байгуулсан ЭЗТХ-ийн талаар ЖЭТРО байгууллагаараа дамжуулан дэлгэрэнгүй мэдээллийг бизнес эрхлэгчдэд өгч байгаа гэсэн дүр зураг гарчээ.

Японы нийт гадаад худалдаанд Монгол Улс тун бага буюу 0.1%-ийг эзэлж байгаа ч Монголтой хэрхэн худалдаа хийх талаарх мэдээлэл Япон талд хангалттай бөгөөд хүртээмжтэй байгааг З.Сугар онцоллоо.

2023 оны статистикаар Япон улсаас Монгол руу хийж байгаа экспортод авто машин (71.2%), тоног төхөөрөмж (9.1%), хуванцар эдлэл (4.9%) жин дарж байгаа бол Монголоос Япон руу эрдэс бүтээгдэхүүн (25.6%), ноос, ноолуур, нэхмэл бүтээгдэхүүн (23.7%), машин, тоног төхөөрөмж (16.5%) зонхилж байна.

Хэлэлцээрийн хүрээнд Монголын ХАА, хүнсний бүтээгдэхүүний Япон улс руу хийх экспорт нэмэгдэх боломж бий. Гэвч өнгөрсөн хугацаанд экспорт хийсэн компаниудын туршлагаас харахад Монголын компаниуд бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлж чадахгүй байх, экспортод гаргах зарим бараа, тухайлбал, хушны самрын экспортын хэмжээг жил бүр өөрчлөн тогтоодог зэрэг байдал экспортын тогтвортой байлгахад бэрхшээл болж байсан тухай Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвийн мэргэжилтэн Накамура Коо хэлсэн.

Монголоос Япон руу бараа нийлүүлэх хугацаа урт, Монголд инфляцын хэлбэлзэл их, ханшийн алдагдал өндөр, шударга бус өрсөлдөөнтэй, зарим дүрэм тодорхойгүй, хүний нөөц хомс байгаа нь ЭЗТХ-ийг ашиглахад бэрхшээл болж байгааг судалгаанд оролцсон бизнес эрхлэгчид онцолсон байна. 

Эцэст нь

Япон улстай хийсэн Монголын анхны ЭЗТХ нь эдийн засгийн хамтын ажиллагаанд цоо шинэ хуудас нээсэн. Гэвч хэлэлцээр байгуулсан гэдэг үгээр хөөрцөглөхөөс илүүтэй бодит үр дүнд хүргэх бодит ажил Монголын талаас бараг хийгээгүйг хүлээн зөвшөөрч, хэлэлцээр хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Анхны хэлэлцээрийн үр дүнгээ үзээгүй байж дараагийн улсуудтай хэлэлцээр хийнэ хэмээн ярьж байгааг монголчуудын хөөргөн зан гэж дүгнэхээс өөр аргагүй.

ЭЗТХ-ийн талаар 2019 онд хийсэн бодлогын дараах зөвлөмжүүд одоо ч үнэ цэнэтэй хэвээр байна. Үүнд,  

-Цаашид чөлөөт худалдааны хэлэлцээ хийхдээ Монгол Улсад өнөөдөр үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээс гадна бүтээгдэхүүний цогц байдлын индекс ашиглан ойрын ирээдүйд үйлдвэрлэн гаргах боломжтой бүтээгдэхүүнийг тодорхойлж, уг бүтээгдэхүүнүүдийн экспортын боломжуудыг тэлэхэд төвлөрөх нь зүйтэй. Үүнээс гадна Монгол Улсын хувьд өнөөдөр үйлдвэрлэхгүй байгаа, мэдлэгийн уялдаагүй боловч нөөцийн (factor conditions) давуу талд тулгуурлан ирээдүйд үйлдвэрлэгдэх боломжтой бүтээгдэхүүнүүдийг мөн авч үзэх хэрэгтэй.

-Бизнес-хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх дунд хугацааны зорилтот хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж жил бүр үр дүнг нь хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлж ажиллах шаардлагатай.

-Гадаад худалдаа хариуцсан төрийн болон төсвөөс санхүүждэг институцийн чадавх бүрдүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах нь гадаад худалдааны хэлэлцээрийн хүрээнд бий болсон боломжуудыг бүрэн дүүрэн ашиглахад чухал ач холбогдолтой.  Гадаад худалдааг тусгайлан хариуцсан байгууллагатай болсноор компаниудыг шинэ зах зээлд гарахад нь туслахаас гадна бие даан зохицуулалт хийх замаар хамгаалалтын арга хэрэгслүүдийг зохистой түвшинд хослуулан ашиглах боломж бүрдэнэ.

-Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан нь өөрчлөгдөшгүй зүйл биш бөгөөд тодорхой хугацааны давтамжтайгаар тухайн хэлэлцээрт эдийн засгийн хувьд хохиролтой хэсгийг засварлах, үйлдвэрлэлийн хөгжлийн түвшин дээшилсэнтэй холбоотой шинээр гарч ирж буй боломжуудыг тусган сайжруулах тогтсон процесс бий болгох хэрэгтэй.

Д.НАРАНТУЯА

One response to “ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭРЭГЖИЛТ ХҮЛЭЭЛТЭД ХҮРЭЭГҮЙ ХЭВЭЭР”

  1. […] эерэг өөрчлөлтийг авчирна гэж найдсан ч хүлээлтэд хүрээгүй, хоёр орны хоорондох экспорт, импортын үзүүлэлт […]

    Like

Leave a reply to ЕАЭЗХ-ТОЙ ХИЙХ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ГЭРЭЭ ГЭРЛИЙН ХУРДААР УРАГШИЛЖ БАЙНА – analytic.mn Cancel reply

Trending