Монгол Улсад заяагдсан хоёр хөршийн нэг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины энэ удаагийн айлчлал олны хэл аман дунд болж өндөрлөлөө. Халх голын байлдааны ялалтын 85 жил, Монгол-Оросын “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жил, Монгол-Орос улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг үргэлжлүүлэн тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөнхийн хойд хөршийнхөө төрийн тэргүүнийг нутагтаа урьсан юм.

Ерөнхийлөгч Путин 2024 оны есдүгээр сарын 3-4-нд Монголд айлчилсан бөгөөд энэ нь түүний ОХУ-ын ерөнхийлөгчийн хувиар Монголд хийсэн 4 дэх айлчлал юм. Тэрбээр ерөнхийлөгчийн хувиар 2000, 2014, 2019 онуудад, харин Ерөнхий сайдын хувиар 2009 онд тус тус Монголд айлчилж байсан.

Ерөнхийлөгч Путины энэ удаагийн айлчлалын өнгө аяс өмнөх айлчлалуудаас тэс өөр байсныг дурдах хэрэгтэй. ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украин руу цэргээ оруулсан. Үүнээс өмнө 2014 онд Украины мэдэлд байсан Крымын хойгийг оршин суугчдынх нь санал асуулгад үндэслэн ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулсан. 2022 онд Украин руу цэргээ оруулснаас хойш Украины хэдэн зуун хүүхдийг хүчээр Орос руу аваачсан хэрэгт нь Гаага дахь Олон улсын эрүүгийн шүүхээс энэ 2024 оны гуравдугаар сард ерөнхийлөгч Путинд баривчлах ял оноосон билээ. Шүүхийн энэхүү шийдвэрийг Олон улсын эрүүгийн шүүхийг хүлээн зөвшөөрсөн 124 улс мөрдөх учиртай. Тэднийн нэг нь Монгол Улс. Шүүхийн шийдвэр гарснаас хойш Путин БНХАУ, БНАСАУ, Беларусь, Азербайжан, Узбекистан, Вьетнам зэрэг улсад айлчилсан ч эдгээр улс нь Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн улс биш байсан юм. Тиймээс Путины Монголд хийх айлчлал нь дотоодод төдийгүй гадаад улс орнууд, олон улсын байгууллагуудын анхаарлыг татаж байсан. Гэсэн хэдий ч айлчлал албан ёсны дагуу, хэвийн болж өндөрлөсөн билээ. Айлчлалын дараах гадаадын шинжээчдийн дүгнэлтэд Монгол Улс хойд хөршөөсөө эрчим хүчний хувьд хамааралтай байгаа нь Путиныг баривчлаагүй гол шалтгаан хэмээн санал нэгтэйгээр дүгнэсэн.

Айлчлалын үр дүн юу байв?

Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны нийт 5 баримт бичигт талууд гарын үсэг зурлаа. Үүнд,

1. “МОНГОЛ УЛСЫН УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААНЫ ГУРАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”–т Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа.

Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг хангадаг Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын блок станц шинээр барих зураг төсөл боловсруулж, инженерийн судалгаа хийнэ.

Ингэснээр талууд төслийн нийт өртөг, барилга угсралтын хугацааг нарийвчлан тодорхойлж, төслийг хэрэгжүүлэх дараагийн шатны гэрээ байгуулах нөхцөл бүрдэнэ.

2. “ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа.

Хэлэлцээр байгуулснаар Монгол Улс, ОХУ-ын газрын тосны салбарын хамтын ажиллагаа гүнзгийрч, ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн саадгүй, тогтвортой нийлүүлэх боломж бүрдлээ. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор, үүнээс 95 орчим хувийг ОХУ-аас авдаг. ОХУ газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийнхээ нөхцөл байдалтай холбоотойгоор 2023 онд шатахууны экспортод хязгаарлалт тавьж, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээртэй улс орнууд болон Евразийн эдийн засгийн  холбооны гишүүн орнууд энэ хязгаарлалтад хамаарахгүй байхаар зохицуулсан юм.

3. “МОНГОЛ УЛСАД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа.

Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын түлшний хангамжийг олон улсын стандартад нийцсэн, хямд үнэтэй бүтээгдэхүүнээр хангах боломж нэмэгдэхээс гадна манай улсын агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чухал дэмжлэг болно.

4. “БАЙГАЛ НУУР, СЭЛЭНГЭ МӨРНИЙГ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нар гарын үсэг зурлаа.

Эгийн усан цахилгаан станц байгуулахтай холбогдуулан байгаль орчны хамтарсан үнэлгээ хийж, хоёр улсын Засгийн газрын хоорондын ажлыг эрчимжүүлэн, нэгдсэн шийдэлд хүрлээ.  Хоёр улс дэлхийн дулаарлын улмаас давтамж нь нэмэгдэж буй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга хэмжээний хэрэгжилтэд онцгой анхаарна.

Байгал нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах нь даян дэлхийн байгаль орчны төлөв байдалд чухал хувь нэмэртэйг ухамсарлан усны нөөцийг зохистой ашиглах, урсац тохируулах, сэргээгдэх эрчим хүч бий болгох тухай олон жилийн яриа, хэлэлцээ бодит ажил хэрэг болно. Энэ чиглэлээр хамтын ажиллагааны замын зураглал, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж ажиллахаар тохиролцлоо.

5. “ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ТАРХВАР СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ БОЛОН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХОЛБООНЫ ХЯНАЛТЫН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Оросын Холбооны Улсын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах холбооны хяналтын газрын дарга А.Ю.Попова нар гарын үсэг зурлаа.

Талууд 2018 онд хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, хоёр улсын хилийн дагуух бүс нутагт зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр хамтран ажилласан.

Хэлэлцээрийг шинэчлэн байгуулснаар хамтран тандалт судалгаа хийх, мэдээлэл солилцох, тархвар судлал, нян судлалын чиглэлээр монголын мэргэжилтнүүд мэргэжил дээшлүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний ажил хийх, тархвар судлалын хүндрэл үүссэн тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авах зэрэг өргөн боломж бий боллоо.

Эрчим хүчний төслүүдэд ОХУ ноёрхоно

Сүүлийн бараг 20 жил яригдаж, монголчууд гуйж царайчилж ирсэн Эг гол дээр УЦС барих төсөл болон Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрэмд өөрчлөлт оруулахаар болсон нь эерэг үр дүн байлаа.

Харин Монгол Улс хойд хөршөөсөө эрчим хүчний хараат байдал өөрчлөгдөхгүй хэвээр үлдэх болж байна.

Нийслэл Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн нийт өртөг 1 тэрбум 326 сая евро байхаар байгаа нь дэндүү үнэтэй байна, Кремлийн дайныг санхүүжүүлэх гэж байна гэсэн шүүмжийг Монголын олон нийтэд дагууллаа. ТЭЦ-3 станц нь ашиглалтад ороод 50 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа, шинэчлэл шаардлагатай нь үнэн боловч энэ ажлыг заавал хойд хөршид даатгах ёсгүй гэсэн байр суурь олон нийтийн сүлжээ болон мэргэжлийн шинжээчдийн дунд зонхилж байсныг тэмдэглэх хэрэгтэй.

ТЭЦ-3-ын одоо байгаа хүчин чадлыг 50МВт-аар нэмэгдүүлэхээс гадна шинээр 250 МВт хүчин чадалтай 2 блокийг барих бөгөөд уг төслийг ОХУ-ын “Интер РАО” компани гүйцэтгэнэ хэмээн Оросын “Ведомости” бичжээ. “Интер РАО” компанийн төлөөлөгч төслийн өртгийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй, төслийг Монголын тал санхжүүлнэ гэсэн тайлбарыг өгчээ. Төслийн гүйцэтгэл дуусах хугацааг 2025 оны сүүл гэж тооцож байгаа ажээ.

“Интер РАО” компаниас гадна энэ төсөлд “Оросын шууд хөрөнгө оруулалтын сан” (Российский фонд прямых инвестиции буюу РФПИ) оролцоно гэдгийг “Ведомости” мэдээлсэн байна.

ТЭЦ-4-ийн өргөтгөлийг 2019 онд мөн ОХУ-ын “Ротек” компани гүйцэтгэсэн. “Ротек” нь Виктор Вексельбергийн эзэмшдэг “Ренова” группийн харъяа бүтэц юм. Тухайн үед ТЭЦ-4-ийн хүчин чадлыг 570 МВт-аас 693 МВт болгон өргөжүүлсэн. Энэ нь цахилгаан үйлдвэрлэлийг 123 МВт, дулаан үйлдвэрлэлийг 188Гкал/цагаар өргөтгөсөн гэсэн үг юм.

Ерөнхийлөгч Путин мэдэгдэлдээ мөн Монголд бага оврын цөмийн станц барих төсөлд ч хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэнийг мартаж болохгүй.

Украинд дайн өдүүлснээс үүдэн барууны хоригт улам бүр орж байгаа Орос улс төр, эдийн засаг, бизнесийн харилцаагаа Ази тив рүү чиглүүлэх болсон. Энэ хандлагын хүрээнд Монголтой хийх худалдаагаа либеральчлах алхмыг хийхээр өнгөрсөн жилээс ярьж эхэлсэн. Гэхдээ энэ алхмаа хийх гарц болгон Монгол Улсыг ЕвроАзийн Эдийн засгийн холбоонд элсэх шахалтыг тавьж эхэлсэн. Өнгөрсөн 2023 оны намар Улаанбаатар хотноо болсон Монгол-Оросын Засгийн газар хоорондын хуралдаанаар ЕвроАзийн Эдийн засгийн холбоонд элсэхийн урьтал болгон түр хугацааны Чөлөөт худалдааны хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулагдсан билээ. Энэ хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улсын хооронд олон жил үргэлжилж байгаа худалдааны тэнцвэргүй баланс өөрчлөгдөх найдлага бий. Тухайлбал, Монгол Улсаас Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад гаргах мал аж ахуйн гаралтай 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн импортын татвараас бүрэн чөлөөлөгдөх боломжтой болно. Ингэснээр Монголын хөдөө аж ахуйн салбар болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлэх төдийгүй худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд шинэ боломж нээгдэх юм. Энэхүү хэлэлцээрийг энэ 2024 оны сүүлээр байгуулах урьдчилсан яриатай байна.

2023 оны дүнгээр ОХУ Монгол Улсын нийт экспортын ердөө 0.7 хувь, импортын 25.8 хувийг бүрдүүлжээ.

Мөн Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорын хүрээнд харилцан хэрэгжүүлэхээр өмнө тохирсон төсөл, хөтөлбөрүүдийг өнөө цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчилж, коридор байгуулах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцлоо.

Айлчлалын үеэр олон жил дуншиж байгаа бас нэг төслийн талаар хөндөгдсөн нь “Сила Сибири-2” байлаа. Хойд хөрш ОХУ-аас манай өмнөд хөрш БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх мегад тооцогдох энэ төсөл, худалдагч, худалдан авагч хоёр хоорондоо үнээ тохиролцож чадаагүйгээс зогслоо гэсэн ойлголттой болоод байсан бол “монголчууд энэ төслийг ихээхэн сонирхож байгаа, өмнө нь монголчууд байгалийн хийг нутгаараа дамжуулахаар ярьж байсан бол одоо Монголын зүгээс Оросын хийгээр эрчим хүчний зарим хэрэглээгээ хангах дэд бүтцийг хөгжүүлж болох юм гэсэн санал тавьж байгаа” хэмээн Путин ерөнхийлөгч мэдэгдэлдээ дурдсан нь гэнэтийн байлаа.

Айлчлал өндөрлөсний дараа Оросын хэвлэлүүдэд бас нэгэн мэдээ гарсан нь хойд хөрш Монголын эрчим хүчний салбарыг атгасаар байх болно гэдгийг улам нотолж байна. Өмнө өгүүлсэн “Оросын шууд хөрөнгө оруулалтын сан” (Российский фонд прямых инвестиций (РФПИ) Монголын “Хотгор шанага” компанитай хамтран Увс аймагт цахилгаан станц барих тухай мэдээ байлаа. Энэхүү төслийн нийт өртөг 20 тэрбум рубль байх бөгөөд станцын хүчин чадал 120 МВт ажээ. “Оросын шууд хөрөнгө оруулалтын сан” нь ерөнхийлөгч Путины санаачилгаар 2011 онд байгуулагдсан сан юм.

Д.НАРАНТУЯА

Leave a comment

Trending