Тус үйлдвэрийн барилгын нийт санхүүжилт 18.5 тэрбум төгрөг бөгөөд уг хөрөнгө оруулалтыг “Оюутолгой” үйлдвэр бүрэн хариуцах юм. Мал төхөөрөх, мах бэлтгэх үйлдвэр нь өдөрт 10 бод, 100 бог мал төхөөрөх суурилагдсан хүчин чадалтай, 100 тонны багтаамжтай хөргөлтийн агуулах, хаягдал ус цэвэршүүлэх станц зэрэг үйлдвэрлэлийн цогц байгууламжаас бүрдэх ба орчин үеийн тоног төхөөрөмж бүхий, эрүүл ахуй болон хүнсний үйлдвэрлэлийн стандартыг бүрэн хангасан жишиг үйлдвэр болох юм.

Тус үйлдвэрийн эзэмшигч, ашиглагч нь Ханбогд сумын нийт малчдын нээлттэй гишүүнчлэлтэй “Галбын говийн торгон сүрэг” дундын хоршоо бөгөөд барилга угсралт дууссаны дараа үйлдвэрийг тус хоршоо хүлээн авч, цаашдын менежмент болон үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг бүрэн хариуцан ажиллана.

Үйлдвэр ашиглалтад орсноор малчдаас түүхий эдийг тогтвортой, зах зээлийн бодит үнээр худалдан авах, өсөн нэмэгдэж буй орон нутгийн хүн амын хүнсний хэрэгцээнд эрүүл ахуйн шаардлага хангасан, чанарын баталгаатай бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх, дунд болон урт хугацаанд экспортын боломжийг бүрдүүлэх зэрэг бодит ач холбогдолтой. Цаашлаад, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь улирлын шинжтэй, нэмүү өртөг шингээж зах зээлд нийлүүлэх, хадгалах боломж хязгаарлагдмал зэрэг хүндрэлүүдийг шийдэхэд бодит хувь нэмрээ оруулах юм.

Төслийг Ханбогд сумын Засаг даргын тамгын газар (ЗДТГ), салбарын байгууллагууд болон малчдын дундын хоршоо хамтран, төр хувийн хэвшил, нийгмийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байна. Барилга угсралтын ажлыг “Таван орд” ХХК гүйцэтгэх бөгөөд 2027 оны 4-р сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. 

Ханбогд сумын ЗДТГ нь бодлогын дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан бөгөөд сумын бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтөд тусгаж, газар олголт, дэд бүтцийн шугам сүлжээ, холболтыг бүрэн шийдвэрлэсэн. 

Эх сурвалж: “Оюутолгой” ХХК

Leave a comment

Trending