15.3 их наядын хөгжлийн төлөвлөгөөг 2.9 их наядаар нэмэгдүүлэхээр УИХ-ын гишүүд шахамдуулж байна.
2026 оны улсын төсвийг 32 их наяд, Улаанбаатар хотын төсвийг 5 их наядаар баталсан. Их наядаар батлагдаж байгаа улс, нийслэлийн төсвийг дагаад хулгайн мөнгөний хэмжээ ч их наядаар яригдах болсон. Нэг үгээр хэлбэл, улстөрчдийн амнаас гарч байгаа тоо аманд багтахаа байж, “ тоог галзууруулсан”.
Тоо галзууруулсаны нэг жишээ нь Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг батлах тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр харагдлаа.
2026 оны 5-р сарын 1-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төсөлд 15.3 их наяд төгрөгийн 124 төсөл, 186 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Харин УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр гишүүд зарчмын 206 санал гаргасан бөгөөд хөрөнгө оруулалтын шинжтэй энэхүү 206 саналын өртөг нь 2.9 их наяд төгрөг болжээ. Эдгээр нь гол төлөв гишүүдийн өөрийн тойрогт ямар нэг юм барих, засварлах, сайжруулах саналууд юм.
Ингэснээр Засгийн газрын анх өргөн мэдүүлсэн ирэх оны хөгжлийн төлөвлөгөөний өртөг 18 их наяд руу дөхөж очихоор болсон. 206 саналыг 50 орчмыг нь Байнгын хороо дэмжсэн ч зарчмын зөрүүтэй дэмжээгүй бүх саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, дэмжээгүйг дэмжүүлэх тактикийг барихаар гишүүд үгсэн хуйвалдлаа. Дэмжээгүйг дэмжин унасан асуудлыг босгох энэхүү арга барил УИХ-д бүрэн суурьшжээ. Дэд дарга асан Х.Булгантуяагийн хэдэн сарын өмнөх алдарт кэйсийг санаж байгаа биз дээ.
Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр төсвийг ийнхүү дур зоргоор хэдэн их наядаар нэмэх нь хууль зөрчсөн явдал болохыг сануулсан боловч УИХ-ын гишүүний эрхээр бараг сүрдүүлсэн гэж байгаа.
Гишүүдийн санал болгосон 206 саналын 35 нь л дангаараа 1.3 их наяд төгрөг болохыг Ерөнхий сайд Н.Учрал Баасан гаригийн чуулганы хуралдаанд сануулж, ийм мөнгийг гаргах боломж байхгүйг учирласан.
2.9 их наяд гэдэг бол ахмадуудын тэтгэврийг 30%-иар нэмэх хэмжээний мөнгө. Хүүхдийн мөнгөний жилийн төсөв гэхэд 1.7 их наяд төгрөг. Огцорсон Х.Нямбаатарын цээжээрээ хамгаалаад байгаа Туулын хурдны зам гэхэд 2.3 их наядын өртөгтэй. Хэрвээ гишүүдийн хүслийн жагсаалтын 2.9 их наяд дэмжигдвэл ирэх 2027 онд хүүхэд, хөгшдөд зарцуулах мөнгөгүй болно гэсэн үг.
Өмнө нь 76 гишүүнтэй байхад төсвийг 76 гишүүн тойрог тойрог руугаа татаж, аманд ч үгүй хамарт ч үгүй болгодог байсан байдал бол одоо ч хэвээрээ. Тойргийн эрх ашгийг улс орны эрх ашгаас дээгүүр тавьж, хөгжлийн төслийн эрэмбэ дарааг алдагдуулж, эцсийн дүндээ улсын ирээдүйг боомилдог тамын тогооны үлгэр үргэлжилсээр. Дээрээс нь гишүүдийн мөнгөний баримжаа бүрэн алдагдсан нь бараг 3 тэрбумын хөрөнгө оруулалтыг нэмэхээр улайрч буйгаас харагдаж байна. УИХ-ын гишүүн болсоныгоо “бүрэн эрхэт хаан” болсон гэж ойлгодог болтлоо галзуурчээ.
2026 оны төлөвлөгөөг 1.5 их наядаар нэмэгдүүлж байжээ. Ингэснээр биелэгдээгүй баахан тоо цаасан дээр үлдэж, Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт 50%-д ч хүрэхээ байжээ.
Энэхүү тогтоолын төслийг 6-р сарын 1-нээс өмнө батлах хуулийн хугацаатай. Өнгөрсөн Баасан гаригийн хуралдаанаар энэхүү тогтоолын төслийг “гүйцээн боловсруулах чиглэл” өгч Эдийн засгийн Байнгын хороо руу ямар ч байсан буцаалаа. Ирэх долоо хоногт “галзуурсан тоонууд” өөрчлөгдөж чадах эсэх нь мэдэгдэнэ. Улсын төсвийг тойргийн сонгогчдоосоо оноо авах хэрэгсэл болгон ашигладаг залийг хэрхэн давж гарах нь ойлгомгүй. Ядаж байхад 2027 он гэдэг бол сонгуулийн өмнөх жил учраас тойрогтоо очиж, улсын төсвөөр баригдсэн нэг объектын өмнө тууз хайчлах нь сонгуулийнх нь үнэгүй сурталчилгаа болох учиртай.
Ирэх 2027 оны хөгжлийн төлөвлөгөөн тусгагдсан хөрөнгө оруулалтын төслүүд:
- Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай дулааны станц, Дулааны тавдугаар цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барина.
- Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, Зөөвч-Овоо төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Ган үйлдвэрлэлийн цогцолборын талбайн бэлтгэл ажлыг эхлүүлнэ.
- Экспорт болон аялал жуулчлалын чиглэлийн авто замууд болон “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хил холболтын төмөр зам барьж, хилийн боомтуудын дэд бүтцийг хөгжүүлнэ.
- Зам дагуух аялал жуулчлалын үйлчилгээний цогцолбор байгуулж, Гурвансайхан 4D, Ховд, Мөрөн 4С нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ.
- Хромбүүк угсрах үйлдвэр байгуулах төслийг эхлүүлнэ.
- Зүрх, судасны үндэсний төв, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв, Хавдар судлалын үндэсний төв-2 зэрэг эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 17 аймгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл хэрэгжүүлж, Нийгмийн эрүүл мэндийн төв, дэд төв байгуулна.
- Нүүрстөрөгчийн кредит тооцох, арилжаанд оролцох нөхцөлийг бүрдүүлж, айл өрхийн нарны хавтан, бага оврын нарны эх үүсгүүрийг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийн төслийг хэрэгжүүлнэ.
- Анхдагч экосистемийг хамгаалах чиглэлээр усны нөөцийг хуримтлуулж, ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх “Хэрлэн-Тооно“, “Онги-Цагаан бургастай” төслийн бэлэн байдлыг хангана.
- Хиймэл оюуны “Cloud GPU” дэд бүтцийг бий болгож, дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлтийг нэмэгдүүлэх сэндбокс орчныг байгуулж, кибер халдлага, зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх системийг хөгжүүлнэ.




Leave a comment