Засгийн газар татварын реформ хийх зорилгоосоо ухарч, холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаараар өргөн барьсаныг УИХ энэ долоо хоногоос хэлэлцэж эхэллээ. Эдгээр нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ), Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ), Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын тухай хуулиуд юм.

Татварын хуулиудад өөрчлөлт оруулах уулзалт, хэлэлцүүлгийг сүүлийн 2 жилд Засгийн газар, МҮХАҮТ, мэргэжлийн холбоод зэрэг байгууллага хийсэн бөгөөд ААН, иргэдээс нийтдээ 176 мянга гаруй санал өгчээ.

2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд 2 их наядын өртөгтэй “хүслийн жагсаалт” нэмсэн УИХ-ын гишүүдийн хажууд энэ 176 мянган санал бол Монголд бизнес эрхлэхэд юу нь болохгүй байгааг гараараа тэмтэрч, хөлсөөрөө мэдэрсэн үнээр бүтсэн хүслийн жагсаалт юм. Харин энэхүү хүслийн жагсаалтын дийлэнх нь цаасан дээр хэвээр үлдэхээр байна.

Иргэн, ААН-үүд татварын дарамт өндөр байгаа талаар хаа сайгүй ярих болсон. УИХ-ын иргэдээс санал авах цахим платформад иргэн Р.Шинэгэрэл ХХОАТ-ын одоо мөрдөгдөж буй 10%-ийг 1% болгох санал тавьсан нь 6 хоногт 100 мянга давсан дэмжлэг авсан.

Энэ дагуу УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, А.Ганбаатар, С.Замира, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн, Ө.Шижир, С.Эрдэнэболд нар ХХОАТ-ыг 1% болгох хуулийн төсөл өргөн барьсан.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн хэлснээр дэмжсэн иргэдийн 85% нь 40 хүртэлх насны залуус, 62% нь Улаанбаатар хотын иргэд, 58% нь эмэгтэйчүүд байжээ. “Энэ нь татвар төлөгчид татварын ачаалалд бүрэн нэрвэгдсэний бодит дохио” хэмээн Ж.Баярмаа гишүүн өчигдөр сошиалд хаягтаа бичжээ. ХХОАТ-ыг 1% болгох хуулийн төслийг Мягмар гаригийн Байнгын хороогоор хэлэлцээд дэмжээгүйд бухимдан тэрбээр ийн бичсэн.

Сангийн сайд З.Мэндсайханы хэлснээр энэ удаагийн татварын нэмэлт, өөрчлөлтөөр иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачаалал 2.2 орчим их наяд төгрөгөөр үе шаттай буурах ажээ. Татварын хуулиудад ямар өөрчлөлт оруулах гэж байгаа вэ?

ХХОАТ-ын тухай хууль

ХХОАТ-ын тухай хуулийн төсөл иргэдэд мэдрэгдэх хөнгөлөлт бараг тусгагдаагүй гэж хэлж болно.

“Албан татвар төлөгчийн энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд  заасны дагуу тодорхойлсон тухайн жилийн нийт 9,504,000 хүртэлх төгрөгийн орлогод ногдох албан татварыг 100%-иар хөнгөлнө” гэсэн заалт л иргэнд хамгийн наалдацтай байна. 9,504,000 төгрөгийн орлого гэдэг нь сарын 792,000 төгрөг бөгөөд та 2 сая төгрөгийн цалинтай бол 1 сая 218 мянган төгрөгөөс 10%-ийн татвараа төлнө гэсэн үг. Үүнээс гадна үргэлжилсэн 5-аас доошгүй жилийн хугацаанд өмчилсөн, оршин суух үндсэн хаягтаа бүртгэлтэй орон сууцаа худалдан борлуулсаны албан татвараас чөлөөлөх заалтыг нэмэхээр төсөлд тусгажээ. Мөн хялбаршуулсан горимоор тайлагнан 1%-иар татвар төлөх босгыг 1 тэрбум төгрөг болгох юм.

ААНОАТ-ын тухай хууль

Харин ААН-үүдэд татвар ногдуулах босго, шатлалыг өөрчлөх, тайлагнах хугацааг хойшлуулах зэрэг хөнгөлөлт үзүүлэхээр тусгажээ. Тухайлбал, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор 90%-ийн татварын буцаалт эдлэх буюу татварын 1%-ийн ачааллын босго дүнг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгож өсгөх, албан татварыг 25%-иар тооцон ногдуулж эхлэх орлогын босго 6 тэрбум байсныг 10 тэрбум болгох, 6-10 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогод 15%-иар ногдуулж хөнгөлөх, виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг хөнгөлж, их хэмжээний өгөгдлийн сервер, супер компьютер элэгдэх хугацааг гурван жил болгох, татварын тайлан тушаах, төсөвт төлөх хугацааг хойшлуулах зэрэг өөрчлөлтийг тусгажээ.

Татварын нийт орлогод ААНОАТ нь 31%-ийг бүрдүүлдэг бөгөөд ААНОАТ-ын орлого бүрдүүлэлтийг 2020-2023 оны эдийн засгийн салбараар ангилан үзэхэд уул уурхайн салбар нийт татварын 52.4%-ийг бүрдүүлжээ.

НӨАТ-ын тухай хууль

Хамгийн их анхаарал татаж, багагүй зөрөлдөөн дагуулж байгаа нь НӨАТ-ын тухай хуулийн төсөл.

Төсөлд тусгаснаар хоёр гол өөрчлөлтийг оруулна. Үүнд,

1.Бичил, жижиг бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж олгох зорилгоор НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлнэ.

2.Татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшин, үйл ажиллагааны цар хүрээг харгалзан дотоод болон импортын НӨАТ-ын төлбөрийг хоёр хүртэл сарын хугацаагаар хойшлуулах боломжийг бүрдүүлж, аж ахуйн нэгжийн мөнгөн урсгал, уян хатан байдлыг дэмжинэ.

Гэхдээ хугацаагаа хойшлуулахын тулд “сайн” гэсэн үнэлгээтэй байх ёстой. “Сайн” үнэлгээтэй татвар төлөгч гэдэг нь хууль тогтоомжийн дагуу татвараа хугацаанд нь бүрэн төлж, тайлангаа алдаагүй гарган, татварын сахилга батыг чанд сахидаг иргэн болон аж ахуйн нэгжийг хэлнэ.Татварын ерөнхий хуулийн дагуу татварын албанаас тэднийг үнэлэхдээ дараах шалгууруудыг голчлон харгалздаг:

Тайлагнал: Татварын бүх тайлангаа хуульд заасан хугацаанд нь ямар нэгэн зөрчилгүй, бүрэн илгээдэг байх.

Төлөлт: Ногдуулсан татварыг товлосон хугацаанд нь бүрэн барагдуулсан байх.

Зөрчилгүй байдал: Татварын хяналт шалгалтаар нөхөн татвар, алданги, торгууль ногдуулах зөрчил илрээгүй байх.

Монгол Улс НӨАТ-ыг 1998 онд анх нэвтрүүлж, 2006, 2015 онд шинэчлэн найруулж байсан. 2024 оны байдлаар үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн 58 орчим хувь нь мөнгөн хөрөнгийн дутагдалтай, 29% буюу 30 мянга гаруй ААН алдагдалтай ажиллажээ.

2024 оны байдлаар татвар төлөгчөөр бүртгэлтэй нийт 259 мянган хуулийн этгээдийн 54,9% нь НӨАТ суутган төлөгчөөр бүртгэлтэй бөгөөд үүний 15% нь 50 саяас доош орлоготой, 20% нь 50-400 саяын хооронд орлоготой, 65% нь 400 саяас дээш орлоготой байна. Чухамхүү энэ статистикт үндэслэж босгыг 400 сая төгрөг болгохоор Засгийн газар төсөлд тусгажээ. Ингэснээр ААН-үүдийн 35% нь буюу 23 мянга орчим нь НӨАТ төлөгч байхаа болино гэсэн үг юм.

НӨАТ-ыг босгыг ингэж 8 дахин өндөрсгөсөн нь хөнгөлөлт болж чадах уу, босгыг хэт өндөрсгөлгүйгээр суурийг тэлэх байсан, энэ бол ухралт, өнөөг хүртэл мөрдөж ирсэн НӨАТ-ын тогтолцоог эвдэх үр дагавартай гэсэн шүүмжлэл гараад байна. Мөн НӨАТ-ын хөнгөлөлтийг больж, бүгдээс нь шударга авах хэрэгтэй гэсэн байр суурь бас бий. Өнөөдрийн байдлаар экспортын 8 төрлийн бараа, ажил, үйлчилгээнд 0%-иар НӨАТ  ногдуулж, 27 төрлийн бараа, 15 төрлийн үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлдөг.  

НӨАТ-ын орлого нь төсвийн найдвартай бүрдүүлэгч учраас юун түрүүн төсвийн орлогод нөлөөлнө, нөгөө талаас том ААН-үүд НӨАТ төлөгч компанитай харилцах хүсэлтэй байдаг учраас эдийн засгийн урсгал саарах эрсдэлтэй.

Leave a comment

Trending