Jade Gas Holdings компанийн Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийн анхны нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталгаажуулж, баялгийн үнэлгээ болон нөөцийн тооцоог бүртгэн авлаа.

Энэ нь Монгол Улсад байгалийн хийн нөөц албан ёсоор батлагдсан анхны тохиолдол болж байна.

Бүртгэгдсэн нөөцийн талбай нь тус компанийн “Улаан нуур” төслийн 60 км.кв талбайн ердөө 4.2 км.кв-ыг хамарч байгааг мэдээллээ. Тус хэсгийн нөөцийг 2P (баталгаат+таамаг) ангиллаар нийт олборлох боломжтой хий 316 сая шоо метр, 3P (баталгаат+таамаг+боломжит) ангиллаар 793 сая шоо метр гэж тооцоолжээ.

Нөөц ийнхүү бүртгэгдсэнээр Jade Gas-д төслийн хөгжүүлэлт, ашиглалтын төлөвлөгөөгөө албан ёсоор хүргүүлж, цаашлаад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх үүд хаалга нээгдэж байна. Тус талбайд Ашигт малтмал, газрын тосны газар 2020 оны 5-р сарын 6-ны өдөр бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж байсан юм.

Баталгаажсан нөөц нь төслийн талбайн зөвхөн багахан хэсгийг хамрах бөгөөд цаашдаа нөөцийг нэмэгдүүлж, арилжааны олборлолт руу шилжихээр ажиллахыг Jade Gas-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Иан Ванг тодотгожээ. Төсөлд эхний шатанд 175 хүртэл цооног өрөмдөж, дотоодын тээвэр, уул уурхай, эрчим хүчний хэрэглээнд шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа тус компани мэдэгдэлдээ онцолсон байна.

Үүнээс гадна Өмнөговь аймаг дахь метан хийн өөр нэг төсөл “Гурвантэс XXXV”-ыг хэрэгжүүлж буй TMK Energy компани байгалийн хийнээс эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станц барихаар “Дашваанжил Групп” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаа өнгөрсөн сард зарласан юм.

Leave a comment

Trending