Бизнес эрхлэх орчин улам бүр доройтож, бизнес эрхлэгчидцөхөрч мохох хандлагатай болсоор байна. Хэрвээ бизнес эрхлэх орчноо сайжруулж, хувийн хэвшилд амьдрах орон зай гаргаж өгөхгүй бол төр давамгайлсан соц үе рүүгээ буцах болно.

Өнгөрсөн 2025 онд Авлигатай тэмцэх газрын захиалгаар МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн судлаачдын баг Монгол Улсын бизнесийн орчин дахь авлигаас үүдэлтэй нөхцөл байдал, бизнес эрхлэгчдийн ойлголт, авлигаас урьдчилан сэргийлэх талаарх төсөөллийг судалжээ.

Судалгаанд 300 гаруй хувийн хэвшлийн ААН-ийг хамруулжээ.

Судалгааны гол үр дүнгүүд:

• Том компаниуд бизнесийн орчны талаар илүү сэтгэл дундуур байх хандлагатай байна. Компанийн хөрөнгийн эргэлттэй харьцуулбал, том хэмжээний компаниудын бизнесийн орчинтой холбоотой сэтгэл ханамжийн байдал нь жижиг, дунд хэмжээтэй компаниудаас илүү сөрөг байх нь ажиглагдлаа.

• Бизнесийн орчны чанарын үнэлгээний нэг гол хэсэг нь сэтгэл ханамжийн судалгаа байдаг бөгөөд судалгаанд оролцогчдын сэтгэл ханамж ерөнхийдөө доогуур буурсан (15%) хандлагатай байна. Судалгааны үр дүнгээс харахад, 2012-2018 оны хооронд бизнесийн орчны талаарх сэтгэл ханамж “бага зэрэг хангалуун” гэсэн дундаж үнэлгээ давамгайлж байсан бол 2025 онд энэ байдал эрс өөрчлөгджээ. Уг өөрчлөлт нь Монголын бизнесийн орчин хүндэрч, бизнес эрхлэгчдийн итгэл суларсныг илтгэж байна.

• Судалгааны үр дүнгээс харахад компанийн хэмжээ томрох тусам бизнесийн орчны талаарх сэтгэл ханамж буурах хандлагатай байна. Энэ нь том компаниуд илүү өндөр хүлээлттэй байдаг төдийгүй зохицуулалтын олон талт дарамтад өртөх магадлал өндөр байгааг илтгэж байна. Иймд бодлого боловсруулахдаа компанийн хэмжээнээс хамаарах ялгаатай нөхцөл, шаардлагыг онцгойлон тооцох нь зүйтэй.

• Салбарын түвшинд авч үзвэл үйлдвэрлэл болон үйлчилгээний салбар хамгийн их сөрөг хандлагатай байгааг судалгаа харуулж байна. Үйлчилгээний салбарын 67%, үйлдвэрлэлийн салбарын ихэнх компани бизнесийн орчинд “ сэтгэл хангалуун бус” байр суурь илэрхийлсэн байна. Харин худалдааны салбарынхан харьцангуй илүү эерэг үнэлгээтэй (75%) байсан ч нийт дүнгээрээ бизнесийн орчинд сөрөг хандлагатай хэвээр байна. Энэ нь салбар бүр өөрийн онцлог тулгамдсан асуудалтай байгааг харуулж байгаа бөгөөд нийтлэг, нэг төрлийн бодлогоос гадна салбарын онцлогт нийцсэн бодлогын шийдэл зайлшгүй шаардлагатайг илтгэж байна.

• Үйлчилгээний салбарын хувьд, хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал, лиценз, зөвшөөрөлтэй холбоотой төвөгтэй журам, татварын өндөр дарамт, санхүүгийн хүртээмжийн хомсдол зэрэг асуудлууд нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай байна. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьд хөрөнгө оруулалт татах, шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах орчин ойлгомжтой, тогтвортой байх нь чухал гэжээ.

• Үйлдвэрлэлийн салбарын хувьд, технологийн хоцрогдол, мэргэшсэн боловсон хүчний хомсдол, зах зээлийн хязгаарлагдмал байдал, зээлийн нөхцөл хүнд байгаа нь бизнесийн орчны сэтгэл ханамжийг бууруулж байна. Иймд энэ салбарт технологийн шинэчлэлийг дэмжих, инновацийг нэвтрүүлэхэд чиглэсэн бодлого, мэргэшсэн хүний нөөцийн бэлтгэл, санхүүгийн уян хатан дэмжлэгийн механизмыг бий болгох шаардлагатай.

• Худалдааны салбарын хувьд, харьцангуй эерэг байр суурьтай байгаа нь зах зээлийн өргөн хүрээтэй байдал, хэрэглэгчийн эрэлт тогтвортой, төрийн зохицуулалтын хүчин зүйлтэй холбоотой байж болох юм. Гэсэн хэдий ч нийт дүнгээрээ сөрөг үнэлгээ өндөр байгаа нь тус салбар ч мөн адил тодорхой өөрчлөлт, дэмжлэг шаардлагатайг харуулж байна. Ерөнхий дүгнэлтээр, бизнесийн орчны сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд салбар бүрийн онцлог, тулгамдсан асуудлыг нарийвчлан судалж, тэдгээрт нийцсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай нь харагдаж байна. Ингэснээр бизнесийн орчны тогтвортой байдал нэмэгдэж, компаниудын сэтгэл ханамж дээшилж, эдийн засгийн өрсөлдөх чадвар цаашид сайжрах боломжтой юм.

• Бизнесийн орчныг хязгаарлаж буй гол бэрхшээлүүдийн нэг нь зөвшөөрөл, хяналт шалгалтын давхардал болон бодлогын тогтворгүй байдал юм. Эдгээр хүчин зүйл нь бизнесийн зардлыг өсгөж, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах үйл явцыг удаашруулж байна. Төрийн үйлчилгээний процесс удаан, ил тод бус, олон давхардалтай хэвээр байгаа нь зохицуулалтын хэрэгжилт болон төрийн байгууллагуудын уялдаа холбоо хангалтгүй байгааг харуулдаг. Сүүлийн жилүүдэд зөвшөөрөл, лицензийн тоог бууруулах, цахимжуулах бодлого хэрэгжиж байгаа ч хэрэгжилтийн шатанд үр өгөөж нь жигд бус байгаа бөгөөд тогтмол өөрчлөгдөж буй дүрэм журам, агентлаг хоорондын зөрүүтэй шаардлага нь хугацаа болон санхүүгийн өртгийг нэмэгдүүлж, ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд илүү их дарамт учруулж байна

• Авлига нь бизнес эрхлэгчдийн хувьд хууль ёсны бус нэмэлт зардал бөгөөд эдийн засгийн эрх чөлөөг шударга бусаар хязгаарлаж буй нэг гол хүчин зүйл юм. Үүний улмаас компаниуд болон бизнес эрхлэгчид бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулах ёстой цаг хугацаа, хөрөнгө, нөөцөө хүнд суртал, чирэгдлийг даван туулахад зориулж, бизнесийн өрсөлдөх чадвар, хөгжилд сөргөөр нөлөөлж байна.

• Сүүлийн арван жилийн хугацаанд бизнесийнхэн үйлдвэрлэлийн бус асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулах цаг нь тодорхой хэмжээнд буурсан байна. Тодруулбал, бизнесийн цагийг энэ төрлийн асуудалд огт зарцуулаагүй гэх хариулт сүүлийн арван жилд 1.4%-иар, сүүлийн зургаан жилд 1.8%-иар тус тус буурчээ. Энэ нь бизнесийн орчин сайжирч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд илүү төвлөрөх боломжтой болж байгааг харуулж байна.

• 2025 оны судалгаагаар бизнес эрхлэгчдийн 13.4% нь үйлдвэрлэлээс бусад буюу бизнесийн үйл ажиллагаатай шууд холбоогүй асуудалд огт цаг зарцуулдаггүй гэж хариулсан байна. Үүний зэрэгцээ 30% нь нийт цагийнхаа 25 хүртэл хувийг, 14.6% нь 25–50 хүртэл хувийг, 8% нь 50-иас дээш хувийг ийм асуудалд зарцуулж буй нь бизнесийн үндсэн үйл ажиллагаанаас гадуурх ачаалал тодорхой хэмжээгээр өндөр байгааг харуулж байна.

• Компаниудын эргэлтийн хөрөнгийн хэмжээ бага байх тусам дээрх ажилд бизнесийн ажлын цагаас огт зарцуулдаггүй бүлгийн хувь хэмжээ илүү хувьтай байгаа ба эсрэгээр эргэлтийн хөрөнгийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр цаг хугацааны алдагдал гаргах хандлага нэмэгдэж байна.

• Салбарын түвшинд тодорхой ялгаа гарч байгааг судалгаа харуулж байна. Жишээлбэл, худалдааны салбарын компаниуд ажлын цагийнхаа 25 хүртэл болон 25–50 хүртэл хувийг үйлдвэрлэлтэй холбоогүй асуудалд зарцуулдаг нь харьцангуй өндөр үзүүлэлттэй байна. Харин барилга угсралтын салбарын хувьд 25 хүртэл хувийг зарцуулдаг нь хамгийн түгээмэл хандлага болжээ. Энэ нь тухайн салбаруудад бизнес эрхлэхтэй холбоотой төрийн үйлчилгээний шат дамжлага, чирэгдэл болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой хүндрэлүүдийн хэмжээг тусган харуулж болох юм.

• Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд бизнесийн байгууллагын хөрөнгө нөөцийн 25 хүртэлх хувийг төрөөс үйлчилгээ авахтай холбоотой зардалд зарцуулдаг хэсгийн хэмжээ тогтвортой буурсаар иржээ. Харин түүнээс илүү их өртөг зардлыг төлж буй бизнес эрхлэгчдийн хувь хэмжээнд өөрчлөлт гараагүй байна.

• Судалгааны дүнгээс харахад төрийн үйлчилгээ авахын тулд байгууллагын хөрөнгийн тодорхой хэсгийг зарцуулах байдал буурах хандлагатай байна. Тухайлбал, 2012 онд нийт хөрөнгийн 10 хүртэл хувийг зарцуулдаг гэж хариулсан бүлэг 36.4% байсан бол 2025 онд 27.4% болж буурсан байна. Мөн нийт хөрөнгийн 10–25%-ийг зарцуулдаг гэж хариулсан бүлэг 2012 онд 22.1% байсан бол 2025 онд 13.1% болж буурсан нь энэ чиг хандлагыг баталж байна.

-Бизнес эрхлэгчдийн төрөөс үйлчилгээ авахдаа зарцуулах өртөг зардал байгууллагын үйл ажиллагааны чиглэлээс хамааран онцлон үзэх ялгаа байхгүй байна. Харин тэдний төрөөс үйлчилгээ авахдаа зарцуулах өртөг зардал байгууллагын эргэлтийн хөрөнгийн хэмжээнээс хамааран ялгаатай байна. Жишээлбэл, ₮300 саяас ₮1 тэрбумын хөрөнгөтэй дунд хэмжээний байгууллагуудын хувьд 10%-иас доош зарцуулдаг нь хамгийн өндөр (36.6%) байхад ₮2.5–₮5 тэрбумын хөрөнгөтэй ААН-ийн дунд 25%-иас дээш зарцуулж буй нь 9.7% хүрч, бусдаас хамгийн өндөр хувьтай байна.

• Судалгааны үр дүнгээс харахад сүүлийн 10 жилийн хугацаанд төрийн албаны авлигын талаарх бизнес эрхлэгчдийн төсөөлөлд эерэг хандлага ажиглагдаж байна. 2015 онд “төрийн албанд авлига маш их бий” гэж үзсэн бизнес эрхлэгчид 50% байсан бол 2025 онд 26% болж буурсан нь энэ чиг хандлагын бодит илрэл юм. Энэ нь өмнөх 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлттэй харьцуулахад мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт бөгөөд бизнесийн орчин дахь авлигын талаарх ойлголт, үнэлэмжид эерэг өөрчлөлт гарч байгааг харуулж байна.

• Бизнес эрхлэгчдийн төрийн албан дахь авлигын талаарх төсөөлөл тэдний эргэлтийн хөрөнгийн хэмжээгээр өөр буюу энэ нь ихсэх тусам төрийн албанд “маш их” авлига байна гэж үзсэн хариултын хувь нэмэгдэж байна. Жишээлбэл, ₮1 тэрбумаас дээш хөрөнгийн эргэлттэй бүлгийн хувьд авлига “нэлээд байдаг” гэсэн хариулт эрс нэмэгдэж 40%-иас дээш гарч, хамгийн их хөрөнгө эргэдэг бүлэгт 50%-д хүрч байгаа юм. Хөрөнгийн хэмжээ өсөх тусам тэд илүү их авлигын эрсдэлтэй тулж байж болох юм.

• Салбарын түвшинд авч үзвэл, барилга болон уул уурхайн салбарын бизнес эрхлэгчид төрийн албыг илүү өндөр түвшний буюу 70 орчим хувь нь авлигатай гэж үнэлсэн байна. Харин бусад салбарын хувьд бизнес эрхлэгчдийн ойролцоогоор 50% нь төрийн албыг авлига ихтэй гэж үзэж байна.

• 2012, 2015, 2018 болон 2025 онуудад бизнес эрхлэгчдийн зүгээс төрийн байгууллагад авлига өгөх тохиолдол тогтмол буурч, 2025 онд 5.2%-д хүрсэн байна. Энэ нь бизнесийн салбар дахь авлигын тохиолдлын хэмжээний бууралтыг тодорхой харуулж байна. Сүүлийн жил гаруй хугацаанд авлигын цар хүрээ ойрын мөчлөг буюу сүүлийн хэдэн сард эрс багассан нь эерэг хандлагын илэрхийлж байна. Гэсэн хэдий ч үйлчилгээ, худалдаа, үйлдвэрлэлийн салбаруудад авлигын тохиолдол ойрын хугацаанд илэрсээр байгаа бол барилга угсралт болон уул уурхайн салбаруудад авлигын тохиолдол илрэх хугацаа харьцангуй алсарч, өмнөх нэг жил болон түүнээс цааших хугацаанд хамаарах нь ажиглагдаж байна.

• Харин дунд болон харьцангуй том хэмжээний хөрөнгийн эргэлттэй байгууллагуудын хувьд авлигын тохиолдол илүү түгээмэл байгааг харуулж байна. Томоохон компаниудын хувьд хөрөнгийн эргэлтийн хэмжээ өндөр байдаг тул тэдний дурсаж буй авлигын тохиолдол ихэвчлэн нэг жилийн өмнөх хугацаатай холбоотой байна.

• Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төрийн худалдан авах ажиллагааны хүрээнд авлигын тохиолдол буурч буй нь тогтвортой хандлага болж байна. Ялангуяа худалдан авах ажиллагаа болон гэрээ байгуулах үйл явцад авлига тогтмол тохиолддог гэж үзсэн бизнес эрхлэгчдийн хувь 2012 онд 47 байсан бол 2025 онд 20.5 болж, бараг хоёр дахин буурсан нь авлигын талаарх ойлголтод эерэг өөрчлөлт гарсныг харуулж байна.

• Бизнес эрхлэгчдийн төсөөллөөр төрийн албан дахь авлигын бизнест үзүүлэх шууд нөлөө 2012–2015 онд өндөр байсан бол энэ хандлага 2018 оноос буурч эхэлсэн төдийгүй, тэдний бизнест шууд нөлөө үзүүлэхгүй гэх нь давамгайлж иржээ.

• Бизнес эрхлэгчдийн 40 орчим хувь нь сүүлийн жилүүдэд Засгийн газраас хэрэгжүүлсэн авлигын эсрэг бодлого, үйл ажиллагаа үр нөлөөгүй байсан гэж үнэлжээ. Мөн бизнес эрхлэгчдийн дунд энэ төрлийн бодлого, арга хэмжээний талаарх мэдээлэл, мэдлэг дутмаг байгаа нь ажиглагдаж байна.

• Бизнес эрхлэгчдийн зүгээс Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй авлигын эсрэг хууль тогтоомжуудын үр нөлөө хангалтгүй байна гэсэн төсөөлөл давамгайлж байна. Судалгаанд оролцогчдын 20 гаруй хувь нь эдгээр хууль тогтоомж огт үр нөлөөгүй гэж үзсэн бол 36.5% нь “бага зэрэг үр нөлөөтэй” гэж үнэлжээ.

• Бизнес эрхлэгчдийн талаас илүү хувь буюу 51% нь Засгийн газар авлигын хэрэгт холбогдсон өндөр албан тушаалтнуудтай бодитой, шударга хариуцлага тооцож чадахгүй байна гэж үзсэн байна. Гэвч өндөр түвшний авлига бизнесийн үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлж байна гэсэн ойлголт сүүлийн 10 жилд буурсан байна. Тухайлбал, арван жилийн өмнө бизнес эрхлэгчдийн 45% нь “маш их” эсвэл “их” нөлөөтэй гэж үзэж байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт 25% болж буурчээ. Харин огт нөлөөгүй гэж үзсэн бүлгийн хувь хэмжээ 13%-иар нэмэгдсэн байна.

• Хувийн хэвшлийн салбарт авлигын түвшний талаарх ойлголт мөн өөрчлөгдөж байна. 2018 онд хийсэн судалгаанд оролцогчдын 27.6% нь хувийн хэвшилд авлига байхгүй гэж үзэж байсан бол 2025 онд энэ үзүүлэлт 16.6% болж буурсан нь авлига бизнесийн салбарт нэмэгдэх хандлагатай байгааг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, 2018 оныхоос “авлига байхгүй” гэсэн хариултын хувь 9 нэгжээр буурсан байна. Мөн бизнесийн салбарт “авлига маш их/их байна” гэсэн үнэлгээ 2018 онд 26.6% байсан бол 2025 онд 33.7% болж, 7.1 нэгжээр өссөн байна.

• Төрийн албан дахь авлигын цар хэмжээний талаарх бизнес эрхлэгчдийн төсөөлөл харьцангуй буурсан бол хувийн хэвшил дэх авлигын талаарх төсөөлөл эсрэгээр нэмэгдсэн байна. Тухайлбал, хувийн хэвшилд авлига ихээхэн хэмжээгээр байна гэж үзсэн бизнес эрхлэгчдийн хувь 2016 оныхоос 15 орчим нэгжээр, 2018 оныхоос 7 гаруй нэгжээр өсчээ.

-Судалгаанд оролцогчдын 39 орчим хувь нь хувийн хэвшлийн салбарт тендерийн болон гэрээ байгуулах үйл ажиллагаанд авлига нэлээд түгээмэл байна гэж үзсэн бөгөөд энэ үзүүлэлт сүүлийн арван жилд хамгийн өндөр түвшинд хүрчээ.

• Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд аль аль талд хариуцлага тооцох тухайд санал бодол хуваагддаг боловч судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн дийлэнх буюу 75.4% нь төрийн байгууллага болон хувийн хэвшил аль алинд нь хариуцлага тооцох ёстой гэж үзсэн байна.

• Сүүлийн 10 жилийн судалгааны дүнгээс харахад төрийн албан дахь авлигын хэмжээ буурвал бизнесийн орчинд эергээр нөлөөлж, тухайлбал, орлого нэмэгдэх боломжтой гэсэн хүлээлт бизнес эрхлэгчдийн дунд тогтвортой хадгалагдаж ирсэн байна. Энэ нь бизнес эрхлэгчдийн хамгийн гол хүлээлтийн нэг хэвээр байна.

• Бизнесийн орчныг сайжруулахад авлигатай тэмцэх нь гол чиглэлүүдийн нэг боловч компаниудын оролцоо хангалтгүй байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн талаас илүү хувь (54.6%) нь өөрийн байгууллага авлигын эсрэг ямар нэгэн ажил огт хийдэггүй гэж хариулсан байна.

• Үүнтэй холбогдуулан нэг асуудал нь компаниуд авлигыг үл тэвчих байр суурьтай байх, аливаа авлига, ашиг сонирхлын зөрчлийн тохиолдлыг илрүүлсэн тохиолдолд холбогдох төрийн байгууллагад мэдээлэх үүрэгтэй холбоотой. Судалгаанд оролцогчдын дөнгөж 10% нь ийм тохиолдолд төрийн байгууллагад хандсан гэж хариулсан бол 58% нь огт хандаж байгаагүй, харин гурван бизнес эрхлэгч тутмын нэг нь “мэдэхгүй” гэж хариулсан нь нийтлэг идэвхгүй байр суурийг илэрхийлж байна.

• Судалгаанд оролцсон компаниудын 27 орчим хувь нь дотооддоо авлигатай тэмцэх бодлого буюу тодорхой журамтай гэж хариулсан бол 46% нь огт байхгүй, харин 24% нь ийм бодлого, журам байгаа эсэхээ мэдэхгүй байна.

• Бизнес эрхлэгчид авлигатай тэмцэх, түүнийг бууруулахад хамгийн чухал арга хэмжээг дараах байдлаар онцолжээ. Үүнд: компаниуд авлига, хахууль өгөхгүй байх (46.4%), шударга зарчмаар ажиллах (44.6%), хууль, хяналтын хэрэгжилтийг чангатгах (44.0%), Авлигатай тэмцэх газар мэдээлэх (33.8%) зэргийг онцолжээ.

Leave a comment

Trending