“Халзан бүрэгтэй” төслийн баяжуулалтын технологийн туршилт, судалгааны ажил 90 гаруй хувьтайгаар амжилттай үргэлжилж байгааг төслийн баг мэдээллээ.
Халзан бүрэгтэй ордод Монгол орны газрын ховор элементийн нийт нөөцийн 40% агуулагддаг бөгөөд судалгааны ажил хамгийн ахицтай урагшилж буй төсөл юм. Тус ордын чулуулгаас эцсийн бүтээгдэхүүн боловсруулахад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл хамгийн бага байх аргыг судлах зорилготой Хагас үйлдвэрийн туршилтын ажлыг олон улсад газрын ховор элементийн туршилт судалгаагаар мэргэшсэн, дэлхийн инженерийн гигант “Вүүд” /Wood/ компанийн удирдлага дор Канадын “Эс Жи Эс” /SGS/ итгэмжлэгдсэн лаборатори гүйцэтгэж байна. Уг туршилтын ажил 90%-д хүрч, эцсийн бүтээгдэхүүнийхээ анхны дээжийг энэ сард Монгол Улсад хүлээн авлаа.
“Ирэх саруудад бүтээгдэхүүний дээжийг орон нутгийн иргэд, аймаг, сумдын удирдлагуудад хүргэж, ил тод танилцуулахаар бэлтгэж байна” хэмээн төслийн багаас мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням тус төслийн үйл ажиллагааг түр зогсоосон тухай мэдээлсэн. Тухайлбал, “Газрын хэвлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7 дахь заалтыг тус тус үндэслэн зөрчил арилах хүртэл хугацаанд үйл ажиллагааг түр зогсоосон” хэмээн 2026 оны 6-р сарын 17-ны өдөр цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.
АҮЭБЯ-ны ажлын хэсэг Халзан бүрэгтэй ордын эзэмшигч “Монголиан нэйшл рийр ийрт корп ХХК”-н үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаагүй, хайгуулын үед нөхөн сэргээлтийг бүрэн хийгээгүй, нөхөн сэргээлтийн зардлын бодитоор тооцоогүй, дээж хадгалах агуулах байхгүй, өрөмдлөгөөс үүссэн шламыг тусад нь ялгаж хаядаггүй, газрын хэвлийг ашиглах явцад аюул ослоос урьдчилан сэргийлэх, ослын үр дагаврыг сэргийлэх төлөвлөөгүй зэрэг зөрчил илэрсэн нь ийнхүү үйл ажиллагааг түр зогсоох үндэслэл болжээ.




Leave a comment