2014 оноос хойш парламентын босго давж чадахгүй байсан Ашигт малтмалын тухай хууль өргөн баригдаж УИХ хэлэлцэгдэж байна. Хуульд өөрчлөлт оруулах 1500 орчим санал ирсэний 800 гаруй нь иргэдийн санал байжээ. Хуульд хийсэн дүн шинжилгээгээр 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл байгааг илрүүлсэн бөгөөд эдийн засаг, нийгмийн амьдралын өөрчлөлтийн хурдад Ашигт малтмалын хуулийг нийцүүлэх юм.
Хайгуулын тусгай зөвшөөрөлд хамаарах өөрчлөлт
Одоо мөрдөгдөж байгаа хайгуулын лицензийн сонгон шалгаруулалт нь Тендерийн хуулийн дагуу явагддаг. Хамгийн өндөр үнэ хэлсэн нь авдаг, гэсэн ч 100 талбай зарлахад 55-60% амжилтгүй болдог, үндэсний компаниуд гадны хөрөнгөлөг компаниудтай өрсөлдөх чадваргүй зэрэг дутагдалтай талууд байсныг шинэ хуулиар засна.
Хайгуулын лицензийг гэрээгээр олгохоор төсөлд тусгасан. Энэ нь цүнхний компаниуд лиценз авдаг байдлыг зогсоох зорилготой. Уул уурхайн лицензийг авахад харьцангуй амар, хадгалахад хүнд байх зарчмын өөрчлөлт оруулна. Хайгуулын зөвшөөрөл 12 жилээр олгогддог байсан бол 6 жил болгож богиносгож байгаа нь дэлхийн жишигт очиж байна гэсэн үг. Лицензийн төлбөр болон талбайн төлбөрийг нэмнэ. 35 мянган га талбайг жилдээ ₮8-9 сая төлөөд хадгалаад байдаг байсан бол одоо 145 сая төгрөг төлөх хэрэгтэй болно. Энэ төлбөр нь жил ирэх тусам геометр прогрессоор өснө. Хугацааг нь богиносгож, төлбөрийг нь нэмснээр талбай үнэхээр хайгуул хийх гэж байгаа хүнд очно.
Эрэл хайгуул нийлээд 6 жил байна, эрлээ эхний 2 жилдээ багтааж хийгээд судалгаа тайлангаа тушаагаад тэндээсээ хайгуул хийх 20% хүртэлх талбайгаа сонгоод зөвшөөрөл авах юм.
Шинээр баяжуулалтын тусгай зөвшөөрөл бий болгоно
Баяжуулалтын тусгай зөвшөөрлийг шинээр бий болгож байна. Одоо байгаа бодит нөхцөл байдал гэвэл зарим төрлийн уул уурхайн бүтээгдэхүүн хилээр гарах үед түүхий эдийн гарал үүсэл тодорхойгүй учраас АМНАТ ногдуулж чаддаггүй. Энэ нь хийдэл нь хулгай гарах нөхцөлийг бүрдүүлж байсныг хаахаар зорьж байна. Ялангуяа жоншны хулгай их байгаа. Одоогийн байдлаар АМНАТ-ийг боловсруулалтын түвшингээс хамаарч хил дээр ногдуулдаг, хаана боловсруулсан нь мэдэгдэхгүй байгааг бүртгэж, баяжуулалтын үйлдвэрт тусгай зөвшөөрөл олгож, улмаар АМНАТ ногдуулдаг болно.
Орон нутагт хуваарилах АМНАТ-т өөрчлөлт оруулна
Одоо Орон нутгийн хөгжлийн санд АМНАТ-ийн 10%-ийг хуваарилж байгаа боловч тухайн орон нутаг уул уурхайн үйл ажиллагааг дэмжиж байгаа үгүйгээс хамаарахгүйгээр жигд хуваарилдаг. Үүнийг хүн амын тоо, лицензийн тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ харгалзан 15%-иар олгохоор төсөлд туссан. Уул уурхайтай суманд илүү АМНАТ хуваарилагдана, ингэснээр орон нутгийн иргэдийн уул уурхайд дургүйцэх хандлагыг бууруулна гэж тооцож байна.
Хуульд тусгасан зохицуулалтаар уул уурхайтай аймгуудад хуваарилагдах АМНАТ-ийн хэмжээ нэмэгдэнэ. Тухайлбал, Өмнөговь аймагт ₮44 тэрбум байсан бол ₮68 тэрбум, Дорноговь ₮28 байсан бол ₮44, Орхон ₮25 байснаас ₮55, Дархан–Уул ₮12 байснаа ₮19 болж АМНАТ-ийн орлого нэмэгдэнэ.
Зэсийн АМНАТ
Монгол Улс өнөөдрийн байдлаар зэсэд 21.6%-ийн АМНАТ ногдуулдаг. “Эрдэнэт” үйлдвэр Оростой хамтарсан байх үедээ Монголын авах ашгийг нэмэгдүүлэх үүднээс 21.6%-ийн АМНАТ тавьсан нь өнөөг хүртэл хадгалагдаж байгаа. “Эрдэнэт”-ийн тавьдаг гол хүсэлт бол АМНАТ-ийг буулгах.
“Оюутолгой”-н хувьд Хөрөнгө оруулалтын хуулиар АМНАТ-ийг 5%-иар тогтворжуулсан. 2026 онд 1.8 их наядын АМНАТ-ийн төлбөр төсөвт орох бөгөөд үүний “Эрдэнэт”, “Оюутолгой” тал тал хувиар төлөх тооцоотой.
Одоо мөрдөгдөж буй хуулиар хүдэр 30%, баяжмал 15%, бүтээгдэхүүн 5%-ийн АМНАТ-тэй байгааг хүдэр 14%, баяжмал 5%, бүтээгдэхүүн 2.5% болгон буулгах саналыг төсөлд тусгасан. Энэ төслөөр явбал 20 гаруй зэсийн төсөл хөдлөөд 2030 он гэхэд 1.9 их наяд байсан АМНАТ-ийн орлогыг 2.2 болгох тооцоотой.
Гэсэн ч энэ удаагийн хуулийн төслөөс зэсэд ногдуулах АМНАТ-ийг “Онтре” компанитай хийж буй хэлэлцээрийг дуустал хөндөхгүй гэсэн улс төрийн шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг гаргаад байна.
Нөхөн сэргээлт, хаалт
Уурхайн насжилтын нийт хугацааны гуравны 2 нь дуусч байхад нөхөн сэргээлт, хаалтын зардлаа тусгай санд хуримтлуулчихсан байх зохицуулалтыг тусгажээ. Одоо бол тухайн жилийн нөхөн сэргээлтийн зардлын 50%-ийг тусгайлсан дансанд байршуулж байгаа. Өнгөрсөн сарын сүүлээр Төв аймгийн Заамарт өрөмдөөд орхичихсон нүх рүү бага насны хүүхэд унаж амиа алдсан харамсалтай хэрэг нөхөн сэргээлтийг хуулийн дагуу хийгээгүйгээс үүдэлтэй байсан.




Leave a comment