Цахилгаан машины цэнэг хураагуурын дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч CATL буюу Contemporary Amperex Technology Co. Ltd. компани Монгол Улсад батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
Хятадын Далянь хотноо энэ 7 хоногийн эхээр зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн форумын “Зуны Давос” чуулганы үеэр Ерөнхий сайд Н.Учрал CATL компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Робин Зэнийг хүлээн авч уулзсан. Уулзалтаар Монгол Улсын эрчим хүчний шилжилт, батарей хуримтлуурын дэд бүтэц, засвар үйлчилгээ, дахин боловсруулалт болон нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцжээ.
Энэ хүрээнд эхний ээлжид Төв аймгийн Сэргэлэн суманд CATL компанийн хөрөнгө оруулалтаар 100-400 МВт.цагийн хүчин чадалтай батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
Хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн батарейн чанарын шаардлага хангасан түүхий эд боловсруулах, цэвэршүүлэх, эд анги, бүрэлдэхүүн хэсгийг Монгол Улсад угсрах, хаягдлыг дахин боловсруулах зохицуулалт болон технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж байгааг уулзалтын үеэр ярилцжээ.
CATL хүйтнийг тэсвэрлэх шинэ батарейгаа энэ оноос машиндаа суурилуулж эхэлнэ
2025 онд 423.7 тэрбум юанийн орлоготой ажилласан CATL нь лити-ион батарейн зах зээлийн 39.2%-ийг дангаар бүрдүүлдэг. Өнгөрсөн онд CATL -20-иос -30 хэмийн хүйтэнд ажиллах чадалтай натри-ион цэнэг хураагуурын үйлдвэрлэл эхлүүлж, энэ онд багтаан машинууддаа суурилуулах гэж байна.
Уламжлалт лити бус натрийг гол түүхий эд болгон ашиглах тус цэнэг хураагуурыг компани 2025 оны 4-р сард анх танилцуулсан. Энергийн нягтаршлыг нь 50%-иар нэмэгдүүлсэн тул лити-ион батарейгаас давуу онцлогтой. Натри-ион батарейг энэ онд 10-20 мянган цахилгаан машинд суурилуулахаар төлөвлөж байна хэмээн CATL-ийн Үйлдвэрлэл хариуцсан захирал Ни Жунь хэд хоногийн өмнө Bloomberg-т өгсөн ярилцлагадаа дурджээ.
Энэ долоо хоногт тус компани натрийн батарейд суурилсан эрчим хүч хуримтлуурын системээ танилцуулсан бөгөөд тус системийг БНХАУ-д ирэх 9-р сараас, дэлхийн зах зээлд 2027 оны 6-р сараас нийлүүлэхээр төлөвлөж байна. TENER нэртэй уг систем нь ашиглалтын хугацаа урт, хэт халуун болон хүйтэн нөхцөлд дасан зохицох чадвартай юм.




Leave a comment