Урьдчилсан тооцоогоор 50 тэрбум рублийн хохирол учраад байна.

Украины дроны довтолгоонд Оросын хамгийн том онлайн худалдааны Wildberries компанийн хоёр агуулах өртлөө. Москвагийн ойролцоох Электросталь болон Тамбов мужийн Котовск дахь агуулах өртөж, өчигдрийн (2026.07.18) 8 хүн нас барж, 80 гаруй хүн шархадлаа.

Урьдчилсан тооцоогоор 50 тэрбум рублийн хохирол учраад байна.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский энэ довтолгоог оросуудын Украины иргэний обектуудад хийсэн довтолгооны хариу хэмээн мэдэгдлээ. Гурав хоногийн өмнө Орос Украины шуудан хүргэлтийн “Новая почта” хувийн компанийг довтолсон.

Оросуудад хариу өгсөнөөс гадна Wildberries-ийн агуулахуудад цэргийн зориулалттай эд бараанууд, тухайлбал, дроны ангиуд болон навигацийн эд ангиуд байсан нь довтолгооны бай болсон гэдгийг Зеленьский нуусангүй. Эдгээр агуулах фронтын шугамаас нэг нь 500, нөгөө нь 700 км-ийн алс байгаа боловч агуулахад хоригт орсон эд бараа байсан хэмээн Зеленьский хэлсэн.

Wildberries-ийн сүлжээгээр дроны болон навигацийн эд ангиас гадна хамгаалалтын хантааз, цэргийн дуулга, цэргийн иж бүрэн хувцсыг захиалан авч болдог.

Электросталь болон Котовскийн агуулах

Электросталь дахь агуулах нь Wildberries-ийн ложистикийн хамгийн том төв юм. 360 мянган квад.м талбайта. Хоёр жилийн өмнө Wildberries-ийн эзэн хатагтай Татьяна Ким энэ агуулахаасаа хэвлэлд ярилцлага өгч уг агуулах нь ложистикийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, агуулах хоорондын дроны хүргэлтийг энэ агуулахаас туршиж эхэлсэн хэмээн ярьж байсан. 2023 оны байдлаар уг агуулахын ажилтны тоо 8000 байсан.

Харин халдлагад өртсөн хоёр дахь агуулах болох Котовскийн агуулах нь дөнгөж өнгөрсөн жил нээгдсэн шинэ объект юм. 54 сая ширхэг бараа нөөцлах хүчин чадалтай. Котовскийн агуулахын байрлал нь Оросын баруун бүсийн хүргэлтийн ложистикт онцгой ач холбогдолтой хэмээн нээлтийн үеэр Татьяна Ким мэдэгдэж байжээ. Энэ агуулах нь зөвхөн Wildberries компанийн төдийгүй бүс нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн барааг мөн хадгалж үйлчилдэг учраас Украины дроны халдлагад олон бизнес эрхлэгчид хохирол амсаад байна.

Хатагтай Ким халдлагад өртсөн ажилтнуудын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, компанийн зүгээс шаардлагатай бүх тусламж, дэмжлэгийг үзүүлнэ хэмээн мэдэгдсэн ч барааны хохирлыг хэрхэн барагдуулах талаар үг унагасангүй.

Халдлагын дараахан хоёр агуулахад байсан бараануудыг онлайн сүлжээний зараас буулгасан бөгөөд нөхцөл байдлыг тодруулсаны дараа бараануудыг эргэн онлайн хуудсанд тавина хэмээжээ.

Энэ долдугаар сарын эхээр Wildberries компанийн захиргаа худалдагчид болон түрээслэгч нартай байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулсан нь анхаарал татаж байна. Тухайлбал, “нисгэгчгүй төхөөрөмжийн довтолгооны улмаас учирсан хохиролд компани хариуцлага хүлээхгүй” гэсэн заалтыг нэмж оруулсан бөгөөд энэ заалт нь 7-р сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхэлжээ.

Wildberries компанийн дотоодын дүрэм журам ажилтнууд, худалдагчид, түрээслэгчдэд харгис хатуу гэдгээрээ алдартай. Ажлын цагаа дуусгасан ажилтнуудыг бараг шалдалж нэгждэг тухай нэг биш удаа нийтлэл Оросын хэвлэлээр хангалттай бичигдэж байсан.

Татьяна Ким Телеграм хуудсаараа дамжуулан Wildberries компани эд бараа нь хохирсон хүмүүст нөхөн төлбөр олгох ажлыг судалж эхэлсэн хэмээн мэдэгдсэн ч гэрээний сүүлийн өөрчлөлтийн дагуу энө нөхөн төлбөр олгогдохгүй ч байх магадлалтай. Амиа алдсан ажилтнуудын ар гэрт 2 сая, гэмтэж, бэртсэн ажилтнуудын ар гэрт 1 сая рублийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ мөн мэдэгджээ.

Leave a comment

Trending