Монгол Улсын иргэний нисэхийн салбарт, орон нутгийн нисэх буудал олон улсын шууд нислэг хүлээн авсан түүхэн чухал үйл явдал 2026 оны 7-р сарын 18-ний өдөр тохиолоо. Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн яамнаас хэрэгжүүлж буй агаарын тээврийг либералчлах, олон улсын нислэгийн чиглэл, зах зээлийг өргөжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын нислэг хүлээн авах бэлтгэлийг үе шаттайгаар ханган ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд 7-р сарын 18-ны өдрийн 20.00 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад хотын “Гурвансайхан” нисэх онгоцны буудал Япон Улсын Нагано мужийн Мацумото хотоос ниссэн анхны олон улсын шууд нислэгийг агаарын тээврийн “Hunnu air” компани амжилттай үйлдлээ.

Ийнхүү Япон улсын Нагано мужийн Мацумото хот, Өмнөговь аймаг, Даланзадгад чиглэлийн шууд нислэг нээгдсэнээр Монгол, Япон хоёр улсын иргэний агаарын тээврийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, орон нутгийг олон улсын агаарын тээврийн сүлжээнд холбосон түүхэн чухал үйл явдал болж байна.

Энэхүү шууд нислэг нь хоёр улсын аялал жуулчлал, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, нийгмийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн хөгжлийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн зорчих боломжийг нэмэгдүүлэх стратегийн чухал ач холбогдолтой юм.

Мөн Өмнөговь аймгийн байгалийн өвөрмөц тогтоц, дэлхийд танигдсан аялал жуулчлалын бүсүүдийг Япон Улсын жуулчдад илүү ойртуулж, аялалын маршрутыг богиносгон, Улаанбаатар хотоор дамжихгүйгээр шууд Өмнөговь аймагт бууж, жуулчдын зорчих хугацаа болон зардлыг хэмнэх, аймаг орон нутаг дахь гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг олон шинэ боломжийг бүрдүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бүсчилсэн хөгжил, агаарын тээврийг либералчлах бодлогын хүрээнд, мөн Ерөнхий сайдаас өгсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх үүрэг чиглэлийн дагуу  Зам, тээврийн яам орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын иргэний нисэхийн стандартын дагуу үе шаттайгаар хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Энэ хүрээнд бид Өмнөговь аймгийн “Гурвансайхан”, Хөвсгөл аймгийн “Мөрөн”, Ховд аймгийн “Ховд”, Дорнод аймгийн Чойбалсан хотын нисэх буудлуудыг өргөтгөн шинэчилж, олон улсын нислэг хүлээн авах боломжийг бүрдүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Өнөөдөр Япон улсын Нагано мужийн Мацумото хот-Даланзадгад чиглэлийн анхны, олон улсын шууд нислэгийг хүлээн авч буй нь бидний энэ ажлын эхний үр дүн юм. Өмнөговь аймаг орон нутагт олон улсын шууд нислэг хүлээн авч буй хоёр дахь аймаг болж байгаа нь Монгол Улсын иргэний нисэхийн салбарт төдийгүй бүсчилсэн хөгжил, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, орон нутгийн эдийн засгийг олон улсын зах зээлтэй холбох олон шинэ боломжийг нээж буй түүхэн үйл явдал юм” гэлээ.

Агаарын тээвэрлэгч “Хүннү эйр” ХХК-ийн хамт олон мөн 2025 онд БНСУ-ын Чонжу хотоос Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудалд олон улсын шууд нислэг үйлдэж байсан бол энэ удаад Өмнөговь аймгийг олон улстай холболоо. Энэхүү нислэг нь цаашид “Гурвансайхан” нисэх буудлаас тогтмол нислэг үйлдэх гарцыг нээж, Өмнөговь аймгийг Зүүн хойд Азийн аялал жуулчлалын шинэ зангилаа болгон хөгжүүлэх суурийг тавьж байна.

Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлын дарга Х.Батболд:

“Өнөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотын “Гурвансайхан” нисэх буудал Япон Улсын Нагано мужийн Мацумото хотоос үйлдсэн анхны олон улсын шууд нислэгийг амжилттай хүлээн авлаа. Энэ нь манай нисэх буудал төдийгүй Өмнөговь аймаг олон улсын агаарын тээврийн сүлжээнд шууд холбогдож буй түүхэн үйл явдал болж байна.

Мацумото-Даланзадгад чиглэлийн шууд нислэг нээгдсэнээр аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, говийн бүс нутгийг олон улсад сурталчлах, гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх шинэ боломж бүрдэж байна. Мөн говийн бүсийн иргэд Улаанбаатар хотоор дамжин нисэх шаардлагагүйгээр олон улсын чиглэлд илүү ойр, хүртээмжтэй үйлчлүүлэх боломж бүрдэж байна” гэлээ.

“Хүннү Эйр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал:

“Хүннү Эйр” ХХК нь Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн яамнаас хэрэгжүүлж буй орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын нислэгтэй холбох бодлогыг тууштай дэмжин ажиллаж байна. Манай хамт олон 2025 онд Солонгос Улсын Чонжу хотоос Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудалд олон улсын шууд нислэгийг амжилттай үйлдсэн. Харин өнөөдөр Япон улсын Мацумото хотоос Өмнөговь аймгийн Даланзадгад хот руу анхны шууд нислэгийг үйлдэж, говийн бүсийг олон улсын агаарын тээврийн сүлжээнд холбож байгаадаа баяртай байна.

Цаашид бид орон нутгийн нисэх буудлуудаас олон улсын шинэ чиглэлүүдийг хөгжүүлж, Монгол Улсын аялал жуулчлал, бүсчилсэн хөгжил, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулахын зэрэгцээ үндэсний агаарын тээврийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд  идэвхтэй хамтран ажиллах болно” гэлээ.

Эх сурвалж: Зам, тээврийн яам

Leave a comment

Trending