“Украин үйлдвэрлэж буй баллистик пуужингуудаараа энэ намар гэхэд Москвад цохилт өгнө” хэмээн пуужинг үйлдвэрлэгч Fire Point компанийн эзэн, ерөнхий зохион бүтээгч Денис Штилерман хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Денис Штилерманы хэлснээр шинэ пуужингуудын боловсруулалт дууссан бөгөөд “тиймээс удахгүй туршилт нислэгүүдийг хийнэ, түүний дараа Оросын нутаг руу нисгэнэ. Хаашаа, ямар объект онилохыг цэргийнхэн шийднэ” гэжээ.
“Москвад цохилт өгөхийг бид хэзээ үзэх вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Намар, яг хэзээ гэдгийг хэлэхэд арай эрт байна, туршилтын үр дүнгээс хамааран хөдөлгүүрт шаардлагатай засвар, өөрчлөлтийг хийнэ. Гэхдээ засвар, өөрчлөлтийг бид богино хугацаанд хийж чадах учраас намар гэхэд Москвад цохилт өгч чадна” гэжээ.
Fire Point бол Украины зэвсгийн томоохон үйлдвэрлэгч компани. Энд алсын тусгалын нисгэгчгүй FP-1 төхөөрөмж, мөн FP-5 “Фламинго” далавчит пуужинг үйлдвэрлэдэг. FP-5 “Фламинго” пуужингаар Оросын газар нутаг руу цохилт өгсөн гэдгийг Украины армийнхан нэг бус удаа мэдээлсэн.
FP-7 болон FP-9 баллистик пуужин үйлдвэрлэж эхэлсэн тухай Fire Point компани өнгөрсөн 2025 оны 9-р сард анх албан ёсоор олонд мэдээлсэн. FP-7 пуужингийн анхны туршилтыг энэ оны 2-р сард хийсэн юм.




Leave a comment