“Роснефть” НХК-ийн гүйцэтгэх захирал Игорь Иванович Сечин (эдийн засгийн ухааны доктор) “Орос орон өнөөдөр” сэтгүүлд дэлхийн эрчим хүчний нөхцөл байдлын талаар дараах нийтлэлийг хэвлүүлжээ.

Өнөөгийн дэлхийн эрчим хүчний нөхцөл байдал үндсэндээ “хоосон төсөөллөөсөө хагацах үйл явц” болоод байна. Ердөө 20-30 жилийн өмнө төсөөлөхөд ч бэрх байсан АНУ-ын шинжлэх ухаан-технологи, үйлдвэрлэл, санхүүгийн салбар дахь манлайллын уналтыг өнөөдөр олон шинжээч хүлээн зөвшөөрч байна. Энэ нь тус улсын эдийн засаг, худалдааны давамгайллыг бууруулаад зогсохгүй, дэлхийн улс төрийн үйл явц дахь нөлөөг нь ч сулруулж байгаа юм.

Үүний үр дүнд өнөөдөр АНУ дэлхийг ганцаар ноёрхох статусаа ямар ч хамаагүй аргаар хадгалж үлдэхийн тулд зах зээлийн бусад оролцогч, тэр дундаа өөрийн холбоотнуудынхаа боломжийг хаах замаар эдийн засагтаа давуу нөхцөл бүрдүүлэхийг гол зорилгоо болгов. Ийм увайгүй бодлогын гашуун үр дагавар Европ төдийгүй хөгжиж буй орнуудад ч тод тусч байна. Үүний тулд Ойрхи болон Дундад Дорнод, Украин, Латин Америк, Ази, Номхон далайн бүс нутагт мөргөлдөөн, хямралыг зориудаар өдөөж, хурцатгах болов.

Энэ нөхцөл байдлыг түүхийн шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг, эртний Грекийн агуу түүхч Фукидид дүрслэн бичсэн байдаг. Тэрээр “Пелопоннесын дайны түүх” бүтээлдээ сонгодог хавхыг тодорхойлсон нь: Ноёрхогч гүрэн дэлхийн шинэ хүчний төвүүд бий болохоос эмээх айдас нь тэдний хооронд зайлшгүй дайнд хүргэдэг явдал юм. Энэ дайн аль хэдийн эхэлсэн бөгөөд өөр өөр талбарт өөр өөрөөр өрнөж байна. Зарим газар халуун, зарим газар технологи, уур амьсгал, санхүү, худалдаа, соёлын салбарыг хамарсан гибрид хэлбэрээр явж байна. Харамсалтай нь, өнөөдөр дэлхийн эрчим хүчний салбар ч үүнээс гадуур үлдсэнгүй, энэхүү дайны бай бөгөөд хэрэгсэл нь болжээ.

Дэлхийн эрчим хүчний систем- орчин үеийн хөгжлийн тулгуур

Өнөөгийн дэлхийн эрчим хүчний систем нь бүхэлдээ чулуун түлш буюу уламжлалт түүхий эд дээр суурилж байгаа бөгөөд нийт хэрэглэгдэж буй анхдагч эрчим хүчний 80 гаруй хувийг дангаараа эзэлж байна.

Яг үнэндээ энэхүү чулуун түлшний ачаар л дэлхийн эрчим хүчний нэгдсэн систем орчин үеийн соёлт амьдралын гол багана сорил болсон билээ. Сүүлийн 200 жилийн хугацаанд нүүрс-устөрөгчийн түүхий эдийг өргөнөөр ашиглах болсноор эрчим хүч хүн бүрд илүү хүртээмжтэй, хямд болсон юм. Энэхүү дэвшил нь эрүүл мэнд, хоол тэжээлийн чанар сайжирсантай нягт уялдаж, хүний дундаж наслалтыг 30-аас 70 болгож уртасгасан төдийгүй дэлхийн хүн амын дундах нэн ядуурлын түвшнийг 90%-10% хүртэл үлэмж хэмжээгээр бууруулж чаджээ.

Өнөөдөр эрчим хүчний систем гэдэг нь өөрөө тасралтгүй ажилладаг асар том, нарийн бүтэцтэй амьд организм юм. Түүний цар хүрээ, багтаамжийг илэрхийлэх хэдхэн сонирхолтой тоо баримтыг дурдвал:

1. Дэлхийн нэг хүнд ногдох жилийн дундаж хэрэглээ 800 кг нөхөх нефтийн эквиваленттай тэнцдэг.

2. Гүн боловсруулалт хийсэн, нэмүү өртөг өндөртэй нийт бүтээгдэхүүний 95%-ийг газрын тос, хийн дайвар бүтээгдэхүүнийг ашиглан үйлдвэрлэж байна.

3. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 60,000 гаруй цахилгаан станц өдөр шөнөгүй ажиллаж, 6 тэрбум гаруй хүнийг гэрэл цахилгаанаар хангаж байна.

4. Манай гаригийн замаар өдөр бүр 1.5 тэрбум автомашин хөлхөж байгаагийн 98% нь уламжлалт шатахуунаар ажилладаг.

Орчин үеийн эрчим хүчний систем нь хүний амьдралд юугаар ч орлуулшгүй дараах гол давуу талуудыг өөртөө агуулдаг. Үүнд:

Чулуун түлш нь эрчим хүчний багтаамж асар их, тээвэрлэхэд хамгийн хялбар байдгийнхаа ачаар ямар ч цаг үед, дэлхийн аль ч цэгт эрэлт хэрэгцээ үүссэн газар руу шууд чиглэдэг. Жишээлбэл, ердөө нэг ам.доллароор 1000 милийн зайд тээвэрлэж болох эрчим хүчний хэмжээг харьцуулахад дамжуулах хоолойн газрын тос 4.4 мегаватт-цаг, дамжуулах хоолойн байгалийн хий 1.2 мегаватт-цаг хүрдэг бол ирээдүйн түлш гэгдэх устөрөгчийн хувьд энэ үзүүлэлт ердөө 0.2 мегаватт-цаг байдаг байна.

Оросын суут эрдэмтэн Петр Леонидович Капицагийн суурь судалгааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, “МакКинзи” (McKinsey)-гийн шинжээчид болон Өрнөдийн нэр хүндтэй их сургуулиудын эрдэмтэд нэгэн ижил дүгнэлтэд хүрчээ. Тэр нь чулуун түлш нь эрчим хүчний урсгалын маш өндөр нягтралтай байдагт оршино. Энэхүү үзүүлэлтээр дизель түлш устөрөгчийг бодвол бараг 30 дахин илүү бөгөөд байгалийн хий нь салхины эрчим хүчнээс 270, нарны эрчим хүчнээс 70 дахин илүү үр ашигтай байна.

Эдгээр давуу талын ачаар чулуун түлшний хэрэглээ нь эрчим хүчний нэгжээр хэмжигдэх хөрөнгө оруулалтын үр ашгийг үлэмж өндөр түвшинд хүргэдэг байна. Энэхүү үзүүлэлтээр нүүрсний цахилгаан станцын өгөөж 30, хийн цахилгаан станцынх 28 дахин өндөр байгаа нь улсаас татаас авдаг салхи, нарны эрчим хүчний салбараас (өгөөж нь ойролцоогоор 4 ба 2 дахин их) даруй 10 дахин илүү үр ашигтай байгаа юм.

Цахим хувьсгалд илүү их эрчим хүч шаардлагатай

Орчин үеийн эрчим хүчний системийн энэхүү өндөр бүтээмж нь дэлхийн нийт хэрэглээг зөвхөн сүүлийн 20 жилийн дотор л гэхэд 1.5 дахин өсөхөд хүргэсэн билээ. Цаашид ч энэхүү өсөлтийг хоёр гол хүчин зүйл тогтвортой дэмжихээр байна.

Нэгдүгээрт, өнөөдөр эрчим хүчний гол эрэлт хэрэгцээ хөгжиж буй орнуудад эрчимтэй өсч байгаа бөгөөд тэдгээр бүс нутагт 750 сая хүн одоог хүртэл гэрэл цахилгаангүй амьдарсаар байна. Гэтэл АНУ-ын нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээ нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 3.5, харин Энэтхэг улсынхаас даруй 10 дахин өндөр байгаа юм (McKinsey Global Institute, 2024). Түүнчлэн Европ тивийн нэг хүнд ногдох хэрэглээ Африкийн ижил үзүүлэлтээс бараг 10 дахин их байна. Хөгжиж буй орнуудын хүн амын амьжиргааны түвшнийг Өрнөдийн “алтан тэрбум”-ын тал хувьд нь ч болов хүргэж ахиулахын тулд дэлхийн газрын тосны олборлолтыг даруй 2 дахин нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна.

Дэлхийн эрчим хүчний хэрэглээг цаашид огцом тэлэх бас нэгэн гол хүчин зүйл бол өгөгдлийн төвүүдийн үсрэнгүй хөгжил, тэдгээрийн хэрэглээний эрэлт гэдгийг мартаж огт болохгүй юм. “Голдман Сакс” хөрөнгө оруулалтын банкны тооцоолсноор эдгээр төвийн цахилгааны хэрэглээ 2030 он гэхэд даруй 2.5 дахин өсч, 1 мянган тераватт-цагийг давах төлөвтэй байна. Энэ нь Европын өнөөгийн нийт хэрэглээний бараг хагастай тэнцэх асар их эрчим хүч юм.

Түүнчлэн “Бэнк оф Америка”-гийн таамаглалаар хөгжиж буй орнуудын эдийн засгийн тэлэлт болон өгөгдлийн төвүүдийн нөлөөгөөр эрчим хүчний хэрэглээ жил бүр өдөрт 9 сая баррель нефтийн эквивалентаар нэмэгдэхээр байна. Гэтэл өнөөдөр дэлхийн нийт хэрэглээ өдөрт 300 сая баррель байгаа бөгөөд ирэх жил сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гаргаж авах цахилгааны хэмжээ өдөрт ердөө 2 сая баррель нефтийн эквивалентаар л нэмэгдэх боломжтой байгаа юм.

Энэхүү тоон баримт нь дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлыг найдвартай хангахад газрын тос, байгалийн хий ойрын ирээдүйд ч голлох үүрэг гүйцэтгэсээр байхын бэлээхэн нотолгоо билээ.

Өдгөө чулуун түлш нь дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний бараг 80%-ийг дангаараа хангаж байна. Үүнээс газрын тос 30 гаруй, нүүрс 25%, байгалийн хий 22%-ийг тус тус бүрдүүлж байгаа бөгөөд урт хугацааны таамаглалыг ажвал дэлхий дахин уламжлалт түлшний эрэлтийн оргил цэгтээ хүрэх хараахан болоогүй байна.

Тухайлбал, “Джей Пи Морган” хөрөнгө оруулалтын банк Энэтхэг болон хөгжиж буй орнуудын өндөр хэрэглээний нөлөөгөөр 2035 он гэхэд дэлхийн газрын тосны эрэлт өдөрт бараг 6 сая баррелиар нэмэгдэнэ хэмээн үзжээ. Үүнээс ч урт хугацааны хэтийн төлөвлөгөө, таамаглалууд нь тухайн судалгааг захиалсан талуудын ашиг сонирхол, улс төрийн зорилгоос хамааран хоорондоо тэнгэр газар шиг зөрүүтэй байдаг байна.

Эрчим хүчний салбарынхан бүхэлдээ газрын тосны хэрэглээг цаашид ч тогтвортой өсч, 2050 он гэхэд өдөрт даруй 20 сая баррелиар нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Энэхүү хүлээгдэж буй өсөлт нь газрын тосны хайгуул, олборлолтын салбарт хөрөнгө оруулалтыг тасралтгүй хийх нь стратегийн онцгой ач холбогдолтойг харуулж байгаа юм. ОПЕК-ийн тооцоолсноор, зах зээлийн энэхүү нүсэр эрэлтийг хангахын тулд олборлолтын салбарын хөрөнгө оруулалтыг даруй 50%-иар ахиулж, 2050 он гэхэд жилд 550 тэрбум ам.долларт хүргэх шаардлага тулгарч байна (OPEC, 2024).

Эцэст нь тэмдэглэхэд, газрын тосны олборлолтыг ердөө өнөөгийн түвшинд тогтвортой барьж байхын тулд л жил бүр дэлхийн нийт үйлдвэрлэлийн 11 орчим хувийг шинэ эх үүсвэрээр нөхөн сэлбэж байх ёстойг мартаж болохгүй.

“Ногоон” эрчим хүчний шилжилт хийх шаардлага үндэслэлгүй болох нь

Өдгөө уур амьсгалд хүний хүчин зүйлийн нөлөөг бууруулахын тулд чулуун түлшнээс татгалзах уриалга өргөн тархжээ. Гэвч энэ асуудалд нэмэлт дүн шинжилгээ хийх шаардлагатай байна.

Уур амьсгалд хүний нөлөөллийн онолыг баримтлагчид хамгийн сүүлчийн мөстлөгийн үе (“Бага мөстлөгийн үе” гэгддэг) 200 орчим жилийн өмнө дуусч, өдгөөгийн дулаарал нь байгалийн циклийн нэг хэсэг гэдгийг орхигдуулдаг. Энэхүү баримт нь дэлхийн 2 мянга орчим эрдэмтний гарын үсэг зурсан “Уур амьсгалын онцгой байдал байхгүй” тунхаглалын суурь болсон юм. Тэдний дунд Нобелийн шагналт Жон Клаузер, Айвар Жайевер нар багтжээ.

Нобелийн шагналт Жон Клаузер үүлсийн уур амьсгалд үзүүлэх нөлөөний тухай илтгэлдээ үүлний тусламжтай дэлхийн дулаан зохицуулалтын байгалийн механизмын хүч (сөрөг буцах холбооны цэвэр нөлөө нь -7-гоос -14 Вт/м²°C) нь хүний хүчин зүйлийн онолчдын тооцоолсон үнэлгээнээс (сөрөг буцах холбооны цэвэр нөлөө нь -1 Вт/м²°C) хэд дахин давуу бөгөөд хүлэмжийн хийн нөлөөг хол давдгийг тайлбарлажээ. Иймээс уур амьсгалд хүний үйл ажиллагааны үзүүлэх дундаж нөлөөлөл нь дэлхийн дулаан зохицуулалтын байгалийн механизмын аравны нэгтэй л тэнцэхээр байна.

Эдгээр механизмын нөлөөллийн дүн шинжилгээнээс үзвэл, агаар мандал дахь нүүрсхүчлийн хий үйлдвэржилтийн өмнөх үеэс 50%-иар нэмэгдсэн нь дундаж температурыг ердөө 0.15-аар өсгөх шалтгаан байж болох талтай. Температурыг геологийн үеүдийн дундаж утгаар тооцсон бөгөөд 68%-ийн магадлалын интервалыг тэмдэглэсэн байна.

Түүнчлэн, Бээжингийн их сургуулийн судалгаагаар агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн агууламж нэмэгдэх нь ургамалжилтад эергээр нөлөөлдгийг баталжээ. Бараг 30 жилийн ажиглалтын хугацаанд дэлхийн ургамлын бүрхэвчийн навчны гадаргуу нэмэгдсэний 70%-ийг нүүрсхүчлийн хийн бордоожуулах нөлөө хангасан байна.

“Ногоон” эрчим хүчний шилжилт ба байгаль хамгааллын асуудлуууд

Эрчим хүчний шилжилт нь хийсвэр бус, харин бодит эдийн засгийн бүрэлдэхүүн хэсэг болох дэд бүтэц, технологи, нийлүүлэлтийн сүлжээ зэргийг шинээр байгуулах, эсвэл өөрчлөхийг шаардана.

Тухайлбал, 2050 он гэхэд тавьсан зорилтдоо хүрэхийн тулд нүүрстөрөгч багатай цахилгаан үйлдвэрлэлийг 10 дахин өсгөж, 35 тераваттад хүргэх шаардлагатай. Энэ нь дэлхийн эрчим хүчний системийн өдгөөгийн нийт суурилуулсан хүчин чадлыг дөрөв дахин нугалахаар хэмжээ юм.

Сэргээгдэх эх үүсвэрийн үйлдвэрлэлд эзлэх хувийг нэмэгдүүлэхэд эрчим хүчний сүлжээний тогтвортой байдал, цахилгаан хадгалах хүчин чадал, хэрэглээний оргил үеийг зохицуулах асуудлыг урьдчилан шийдвэрлэх шаардлагатай. Үүнээс шалтгаалан, мөн өртөг өндөр учраас өдгөө сэргээгдэх эрчим хүчээр дэлхийд тэргүүлэгч Хятад улс нүүрсний хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр давхар дээд амжилтыг тогтоож байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад улс салхи, нарны эрчим хүчээр манлайлахын зэрэгцээ нүүрсний хүчин чадлаа 350 гаруй гигаватт буюу 45%-иар өсгөжээ.

Хашир хөрөнгө оруулагчид нүүрс рүү эргэн ирлээ. Үнэн хэрэгтээ бид нүүрсний шинэ эрин үе эхэлж буйн гэрч болж байна. Жишээлбэл, уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг “Гленкор” компани сүүлийн хоёр жилд үйл ажиллагааны орлогынхоо тэн хагасыг нүүрсний бизнесээсээ олжээ.

Түүнчлэн шинжээчдийн тооцоолсноор, Парисын хэлэлцээрийн зорилтод 2050 он гэхэд хүрэхийн тулд цахилгаан эрчим хүчний салбарт 70 их наяд гаруй ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.

Тээврийн хэрэгслийг цахилгаанжуулах нь уур амьсгалын өөрчлөлтийг үлэмж сааруулна гэж үздэг. Учир нь, дэлхийн эрчим хүчний системээс ялгарч буй нүүрсхүчлийн хийн 20 гаруй хувийг тээврийн салбар эзэлдэг байна. Гэвч ялгарлыг хэмнэх тооцоонд автомашин болон түүний эд ангиудыг үйлдвэрлэх явцад гарч буй хаягдлыг ч мөн харгалзан үзэх шаардлагатай.

Шинжээчдийн тооцоолсноор, өдгөө цахилгаан автомашин үйлдвэрлэлийн хаягдал нь дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашиныхаас 35-50%-иар өндөр байна. Ялгарлын гол зөрүү нь цэнэг хураагуур, ган болон хөнгөн цагаан үйлдвэрлэлд ногддог. Парисын хэлэлцээрийн нүүрстөрөгчийн зорилтод хүрэхийн тулд цахилгаан автомашин үйлдвэрлэлийн гинжин хэлхээний хаягдлыг 2032 он гэхэд 81%-иар бууруулах шаардлагатай бөгөөд энэ нь огт боломжгүй юм.

Мөн эрчим хүчний систем нь чулуун түлшнээс үлэмж хэмжээгээр хамааралтай орнуудад цахилгаан автомашин ашиглах нь зөвхөн тухайн тээврийн хэрэгслийн гүйлтийн хэмжээ маш өндөр байж гэмээнэ сая хаягдлыг хэмнэх боломж олгодог гэдгийг анхааралдаа авах шаардлагатай байна.

“Маккинзи”-гийн шинжээчдийн тооцоогоор, зарим загварын хувьд хаягдлын түвшинг дотоод шаталтат хөдөлгүүртэй тэнцүүлэхийн тулд гүйлтийн хэмжээ 200 мянган км хүртэл байх ёстой. Нүүрсний эрчим хүчний эзлэх хувь өндөр орнуудад энэ үзүүлэлт 250 мянган км-ээс давж болно. Шинэ загварын цуврал үйлдвэрлэгчид үүнийг тооцох шаардлагатай.

Өнөөдөр дэлхийн бүх замаар дотоод шаталтат хөдөлгүүртэй 1.5 тэрбум автомашин хөлхөж байна. Гэтэл цахилгаан автомашины өнөөгийн нэвтрүүлэлт нь 2050 он гэхэд хүрэх ёстой зорилтот түвшний ердөө 3-хан хувьтай тэнцэж байгаа юм.

Нүүрстөрөгчийн зорилтод хүрэхийн тулд 2050 он гэхэд дэлхийн цахилгаан автомашины парк 30 саяас 1 тэрбум хүртэл буюу 30 гаруй дахин өсөх шаардлагатай. Эдгээр болон бусад үнэлгээнээс үзвэл Өрнөдөд цахилгаан автомашины тэсрэлт төгсч байна: эрэлтгүйн улмаас тэргүүлэгч үйлдвэрлэгчид алдагдалтай борлуулж байгаа бөгөөд АНУ-д хуучин цахилгаан машины үнэ хоёр жил хүрэхгүй хугацаанд 25%-иар буурчээ.

Үүний шалтгаан нь нэмэлт эрчим хүч, сүлжээ болон цэнэглэх дэд бүтцийг байгуулах нь автопаркийг цахилгаанжуулахтай ижилсэхгүй байгаад орших бөгөөд энэ нь хэдийнэ цахилгаан машин эзэмшигчдийн толгойны өвчин болжээ. Ирээдүйд шинэ цахилгаан автомашинууд 2030 он гэхэд 1 мянган тераватт-цагаас илүү эрчим хүч шаардагдах өгөгдлийн төвүүдтэй цахилгааны хүртээмжийн төлөө өрсөлдөх болно.

Ачааны, агаарын, мөн усан тээврийг цахилгаанд шилжүүлэх нь дараагийн томоохон сорилт. Эрчим хүчний шилжилтийн зорилтод 2050 он гэхэд хүрэхийн тулд цахилгаан ачааны машины тоог 100 гаруй дахин өсгөж, 40 гаруй саяд хүргэх ёстой. Гэвч энэ нь бодит байдалд нийцэхгүй, үлгэрийн далай юм.

“Ногоон эрчим хүчний” хийрхэл, хөөс замхарсан нь

Бодит амьдрал дээр бизнес хөрөнгөөрөө сонголт хийдэг бөгөөд “ногоон” хөтөлбөрт “ногоон” доллар тухгүй байна. Сүүлийн гурван жилд Өрнөдийн хөрөнгийн зах зээлийн сэргээгдэх эрчим хүчний салбарыг сонирхох сонирхол үндсэндээ үгүй болжээ. “Цэвэр” түлш үйлдвэрлэгч компаниудын хувьцаа хоёр жилд хэд дахин унав.

Хөрөнгө оруулагчид ийнхүү нүүр буруулах болсон шалтгаан нь “ногоон” эдийн засгийн компаниудын зардал хэт өссөн, улсын хөнгөлөлттэй зээл саатсан, мөн шинэ санхүүжилтийн эх үүсвэр татарсантай холбоотой юм. Үүнээс болоод дэвшүүлсэн зорилтууддаа  хугацаандаа хүрч чадахгүйд хүрчээ.

“Шеврон”, “Би-Пи”, “Шелл” зэрэг нефтийн гигантууд хүртэл орлуулах түлш үйлдвэрлэх төслүүдээ ар араас нь зогсоож байна. Тухайлбал, хоол шарахад ашигласан хаягдал тосноос нисэхийн хийссэн түлш гаргах уриа лоозонгийн үйлдвэрлэлээсээ татгалзаж эхэлжээ.

Данийн эрчим хүчний хамгийн том компани болох “Орстед” эрэлт байхгүй гэсэн шалтгаанаар метанол үйлдвэрлэх заводын төслөө бүрмөсөн цуцаллаа. Харин Европын цэнэг хураагуур үйлдвэрлэлийн гол найдвар, манлайлагч нь болно хэмээгдэж байсан Шведийн “Нортвольт” компани хэдийнэ дампуурлаа зарлаад байна. Тус компанид төрөөс олгосон татаас, тусламжийг багтаасан даруй 15 тэрбум ам.долларын нүсэр санхүүжилт ч тус дэм болж, аварч чадсангүй.

Маршаллын шинэ төлөвлөгөө: Хөгжиж буй орнуудын “хатуу гар, зөөлөн боорцог”

Уур амьсгалын өөрчлөлтийн сэдвийг тойрон зориудаар үүсгэж буй эрүүл бус хийрхэл хэдийнэ ил цагаан зүй бус үйлдлүүдийг дагуулах болов. Тухайлбал, олон улсын “Оксфам” байгууллагын саяхны шалгалтаар Дэлхийн банк уур амьсгалын өөрчлөлтийн төслүүдэд зарцуулсан 41 тэрбум ам.долларынхоо зарлагын тайланг гаргаж өгөөгүй нь тогтоогджээ.

Эрчим хүчний шилжилт дээр бүхэл бүтэн улс орнууд ч ашиг олохыг хүсэж байна. Жишээ нь, АНУ-ын гадаад бодлогын гол дуу хоолой “Форин афферс” сэтгүүл саяхан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажиллагааг Америкийн эдийн засгийн ашиг сонирхолтой нэгтгэхийг санал болгов. Тус сэтгүүл Маршаллын төлөвлөгөөний ижилслээр хөгжиж буй орнуудын “ногоон” технологийг дэмжих санааг дэвшүүлжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Маршаллын төлөвлөгөөг хэрэгжүүлсэн нь АНУ-д дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, гадаад зах зээлийг эзлэх, Баруун Европын орнуудад нөлөөгөө бэхжүүлэх боломж олгосон юм.

Энэхүү Маршаллын шинэ төлөвлөгөөний гол концепц нь АНУ дэлхийд алдсан тэргүүлэх байр сууриа сэргээж, технологийн тусгаар тогтнолоо хамгаалахын тулд хөгжиж буй орнуудад санхүүгийн тусламж олгохдоо “Америкийн ногоон технологи, тоног төхөөрөмжийг л худалдан авах” хатуу нөхцөлийг тулгах ёстой гэж үзэж байгаа юм.

Түнш орнуудынхаа уур амьсгалтай тэмцэх хүсэл эрмэлзлийг АНУ нэлээд жинтэй аргуудаар шахахаар зорьж байна. Тодруулбал, Америкийн “ногоон” хөтөлбөрийг өөрийн орондоо дагаж мөрдөхөөс татгалзсан улс орнуудад импортын татвар ногдуулахаар сүрдүүлж байгаа юм.

Энэ бүхэн нь бидний өмнө нь дэвшүүлж байсан нэгэн дүгнэлтийг яв таг баталж байна. Өнөөдөр зарлан тунхаглаад буй эрчим хүчний шилжилтийн хөтөлбөр нь мөн чанартаа дэлхийн хүн амын 88% буюу “алтан тэрбум”-д багтдаггүй хөгжиж буй бусад бүх орны эсрэг чиглэсэн, байгаль орчноор халхавчилсан хориг арга хэмжээний аварга том саад тотгор, геополитикийн зэвсэг юм.

Энэхүү төлөвлөгөөг сэдэгч нь АНУ-ын Үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга асан, “ногоон” төслүүдээс асар их ашиг олдог, цуутай “Блэкрок” санхүүгийн корпорацаас гаралтай Брайан Диз байгаа нь тохиолдлын хэрэг огтхон ч биш билээ.

Гэвч Трумэний үеийн хүчирхэг Америктай харьцуулахад өнөөгийн АНУ-д бодит хэд хэдэн шалтгааны улмаас ийм нүсэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх тэнхээ байхгүй. Тэдэнд одоо технологийн салбарт ч, дэлхийн худалдаанд ч үнэмлэхүй манлайлал гэж үгүй болсон бөгөөд урьд нь дэлхийг хөдөлгөдөг байсан ам.доллар нь өдгөө хориг арга хэмжээ, эдийн засгийн дайны зэвсэг болон хувираад удаж байна.

АНУ өндөр технологи, аж үйлдвэрийн салбарт манлайллаа алдаж байна

XXI зуунд тэргүүлэх өрсөлдөөний зангилаа болсон технологийн салбарыг энд тусгайлан авч үзэх учиртай. Тэгвэл яг энэ салбарт АНУ өдгөө манлайллаа эрчимтэй алдаж байна. Оросын Ерөнхийлөгч Владимир Путины тэмдэглэснээр “АНУ 15 орчим жилээр хоцорсон. Тэд Хятадын хөгжлийг зогсоож чадахгүй. Энэ нь наранд “бүү манд” гэхтэй адил бүтэшгүй бөгөөд нар ямартай ч мандаж л таарна”. Шинжлэх ухаан, инновац, технологийн амжилт нь эдийн засгийн бодит салбарт шууд нөлөөлжээ. Өнөөдөр АНУ-д бус, Хятадад орлуулах эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэх дэлхийн хүчин чадлын 70 гаруй хувь нь төвлөрч байна.

АНУ-ын дотоодын зах зээлээ хамгаалах бодлого бүтэлгүйтсэнийг дараах баримт гэрчилнэ. Худалдааны хязгаарлалт тавьж эхэлснээс хойших 6 гаруй жилийн хугацаанд АНУ-д аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээ буурч, энэ салбар дахь ажиллах хүчний эзлэх хувь хумигдан, худалдааны алдагдал нь үлэмж хэмжээгээр өсчээ.

Америкийн засаг захиргаанаас үйлдвэрлэлийн салбараа дэмжихээр асар их хэмжээний мөнгөн хөрөнгө цутгасан ч үр дүн гарсангүй. Өнөөдөр зах зээлийн үнэлгээгээрээ Америкт тэргүүлж буй шилдэг 10 орчим компаниас зөвхөн “Тесла” л АНУ-ын нутаг дэвсгэрт өөрийн гэсэн үйлдвэрлэлийн баазтай байна.

Америкийн аж үйлдвэрийн хоёр титан “Боинг”, “Интел” компанийн жишээ үүнийг маш тод харуулна. Өдгөө хоёулаа гүн хямралд орж, оршин тогтнохын төлөө тэмцэж байгаа бөгөөд зах зээлийн үнэлгээ нь таван жилийн дотор хоёр дахин унажээ.

Шалтгаан нь шинэ боловсруулалтад оруулах хөрөнгө оруулалтаа танаж, санхүүгийн үр дүнгээ сайжруулахыг урьтал болгосонд байгаа юм. Үүний улмаас тэд өндөр технологийн шинж чанараа алдаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг хөсөрдүүлжээ.

АНУ дахь нөхцөл байдлыг аврахын тулд Байдены засаг захиргаанаас идэвхтэй зүтгүүлсэн, ихээхэн шуугиан тарьсан Инфляцийг бууруулах тухай хууль болон Чип, шинжлэх ухааны тухай хуулийг баталсан юм. Гэвч “Файнэншл Таймс”-ын шалгалтаар Инфляцийг бууруулах тухай хуулийн эхний жилд зарлагдсан төслүүдийн 40% нь зогсч, эсвэл цуцлагдсан нь тогтоогджээ.

Дэлхийн худалдаан дахь АНУ-ын нөлөө буурч буй нь

Сүүлийн 25 жилд АНУ дэлхийн худалдаан дахь тэргүүлэх байр сууриа мөн адил алдлаа. 2000 онд дэлхийн улс орнуудын 80%-д нь худалдааны хамгийн том түнш байсныг сануулъя. Өнөөдөр үндсээрээ өөрчлөгдөж, улс орнуудын бараг гуравны хоёр нь АНУ-аас бус, Хятадтай илүү их бараа эргэлттэй байна.

Олон арван жилийн турш АНУ худалдааны манлайллаа бэхжүүлэхийн тулд ямар ч арга хэрэглэж, тэр дундаа Дэлхийн худалдааны байгууллагаар (ДХБ) дамжуулан бусад улс оронд шахалт үзүүлсээр иржээ. ДХБ-ын ивээл дор олон улсын худалдааг либеральчилсан нь АНУ-д өөрийн үйлдвэрлэлийн чадавхыг дээд зэргээр хэрэгжүүлэх боломж олгосон юм.

Өнөөдөр ДХБ-ыг өөрийн ашиг сонирхолд бүрэн захируулж чадаагүй АНУ шүүгчдийг сонгохыг блоколж, тус байгууллагын Дээд давж заалдах шатны байгууллагын ажиллагааг саатуулав. Энэ нь АНУ-ын холбоотнууд зэрэг олон улс орны дургүйцлийг төрүүлж байна.

Өөрийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд Цагаан ордны засаг захиргаа ДХБ-ын хэм хэмжээнд харшилсан нэг талын арга хэмжээг эргэлзээгүй авч хэрэгжүүлж байгаа нь анхаарал татна. Ийм бодлогын тод жишээ бол дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалахаар Цагаан ордноос тогтмол тогтоодог импортын татвар юм.

Дэлхийн худалдаанд АНУ-ын нөлөө хумигдаж байгаа нь ам.доллар олон улсын төлбөр тооцооны хэрэгсэл болох байр сууриа алхам алхмаар алдахад хүргэж байна. Үүнд АНУ-ын өөрийнх нь хориг арга хэмжээнүүд ч багагүй үүрэг гүйцэтгэж байгаа юм.

АНУ өөрийн валютыг алтаар баталгаажуулах үүргээсээ татгалзсаны дараа буюу 1970-аад оны дунд үеэс дэлхийн түүхий эдийн худалдааг ам.доллароор тооцдог тогтолцоо бүрэлдсэнийг сануулах нь зүйтэй. Энэхүү системийн хүрээнд экспортлогч орнууд түүхий эдээ ам.доллароор зарж, хуримтлалаа ам.долларын активт хөрөнгө оруулдаг болсон юм.

Газрын тосны зах зээлд “нефть-доллар” гэх түүхэн ойлголт 1974 онд Саудын Арабын Хаант Улс болон АНУ-ын хооронд хэлэлцээр байгуулагдсаны дараа анх үүссэн юм. Үүгээр Саудын Араб аюулгүй байдлын баталгааны хариуд газрын тосны борлуулалтаас олсон орлогоо Америкийн Төрийн сангийн үнэт цаасанд байршуулах хатуу үүрэг хүлээжээ. Персийн булангийн орнуудын капиталыг Америкийн санхүүгийн зах зээлд татахад Тагнуулын төв газар нь шууд  оролцсон нь түүхэн баримтаар нотлогдсон байдаг. Мөн 1978 онд Саудын Араб газрын тосны үнийг энэ валютад уяхаа дахин бататгаснаар, АНУ-ын долларыг үнэгүйдэх зайлшгүй аюулаас шууд утгаараа аварсан түүхтэй.

2024 оны зун Саудын Арабын газрын тосны тооцоог ам.доллароор хийх 50 жилийн хэлэлцээрийн хугацаа дууссан ч, амьдрал дээр үргэлжилсээр л байна.

Ерөнхийдөө эрчим хүчний худалдаа ам.доллароор хийгдсээр байгаа бөгөөд газрын тосны томоохон экспортлогчдын олонх нь үндэсний валютаа ам.долларт уян харьцаатай байлгасаар байна. Гэвч, жишээ нь, БРИКС-ийн хүрээнд эрчим хүчний худалдааг, нэгдүгээрт, эдийн засаг, санхүүгийн хориггүй, хоёрдугаарт, ам.доллароор бус өөрсдийн валютаар хийх эрмэлзэл бий. Орос улс 2024 онд тус бүлгэмийг даргалах үеэр БРИКС-ийн орнуудын дэвшүүлсэн эрчим хүчний худалдааны дүр зураг нь дэлхийн зах зээлийн статус-квод сорилт болж буй бөгөөд өргөжсөн бүрэлдэхүүнтэй БРИКС-д энэхүү шинэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх бүх нөөц бий.

АНУ-ын хориг арга хэмжээнүүд ам.долларт итгэх итгэлийг сулруулж байна

Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа тулгын чулуугаа тавьсан Бреттон-Вудсын санхүүгийн систем нь алт-валютын хатуу стандартад суурилж, дэлхийн эдийн засгийн шударга, тогтвортой дэг журмыг хангаж байв. Уг систем бараг 30 жилийн турш тасралтгүй ажиллахдаа дэлхий дахиныг хамарсан томоохон санхүүгийн болон банкны ганц ч хямрал гаргаагүй нь хүн төрөлхтний түүхэн дэх хосгүй үзэгдэл байсан юм.

Гэвч 1960-аад оны сүүлчээр Европ, Азийн орнууд Дэлхийн хоёрдугаар дайны дараа сэргэж, экспортоо нэмэгдүүлж эхэлжээ. Энэ нь АНУ-аас алт гадагшлах, ам.доллар сулрах, эцэст нь тус улс доллароо алтны нөөцөөр баталгаажуулахаас татгалзахад хүргэв. Үр дүнд нь АНУ-ын энэхүү үйлдэл Бреттон-Вудсын алт-валютын тогтолцоог халахад хүргэсэн билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долларын байр суурийг хамгаалах эрмэлзлээ нэг бус удаа мэдэгдэж байсан. Гэвч энэ нь хориг арга хэмжээгээрээ долларын хэрэглээг хориглож буй АНУ-ын өнөөгийн бодлоготой зөрчилдөж байна. Сүүлийн 20 жилд АНУ хоригийг улам идэвхтэй хэрэглэх болж, тоо нь 15 мянгаас хол давжээ. Үүний тулд буруутгах, гэм бурууг нотлох ч шаардлагагүй бөгөөд энэ нь олон улсын эрх зүйн үндсэн зарчимд харшилна. Түүнчлэн хоригт орсон этгээдүүдтэй харилцахыг автоматаар гэмт хэрэг үйлдсэнд шууд тооцдог байна.

Ам.долларыг хориг арга хэмжээний зэвсэг болгох нь стратегийн том алдаа бөгөөд дэлхийн худалдаа хэзээ ч зогсохгүй. Үүнээс эрчим хүчний аюулгүй байдал төдийгүй хүн төрөлхтний амьдрал бүхэлдээ хамаарах тул орлох хувилбар үргэлж олдоно. Дэлхийн худалдаанд ам.долларын тооцоог хязгаарлах нь үндэсний валютуудыг ашиглах, олон улсын санхүүгийн шинэ хэрэгсэл боловсруулах боломжийг нэмэгдүүлнэ. Түүний гол өрсөлдөгч нь хүн төрөлхтний мянга мянган жилийн турш хэрэглэж ирсэн алт юм. Дэлхийн алтны зөвлөлийн мэдээгээр, зөвхөн сүүлийн гурван жилд дэлхийн алт-валютын нөөцөд эзлэх алтны хэмжээ бараг 8 нэгж хувиар өсч, 20%-д хүрээд байна.

Ам.долларыг дэлхийн нөөц валют хэвээр хадгалах нь Америкийн эдийн засагт бүхэлд нь асар их ашиг тус, дивиденд авчирдаг. Жишээ нь, үүний ачаар ам.долларын өрийн санхүүжилтийн өртөг хиймлээр хямд тогтож ирсэн. “Маккинзи” компанийн тооцоолсноор АНУ долларыг нөөц валют болгон ашигласнаас жилд даруй 100 тэрбум ам.долларын шууд мөнгөн ашиг олдог байна. Харин үүнээс гаднах материаллаг бус ашиг тус нь бүр ч илүү жинтэй. Яг энэ статусын буянаар АНУ дэлхийн санхүүгийн төв болж, гадаад бодлогоо хэрэгжүүлэх урьд өмнө үзэгдээгүй үйл ажиллагааны хязгааргүй эрх чөлөөг олж авсан билээ.

Ам.долларын дэлхийн санхүүд эзлэх байр суурь, үнэ цэнэ

Бреттон-Вудсын систем задарсан нь дэлхий дээрх хүчний тэнцвэрт байдлыг алдагдуулсан юм. Бүр 1965 онд Францын ирээдүйн Ерөнхийлөгч Валери Жискар д’Эстен ам.долларын энэхүү дэлхийд тулгасан ноёрхлыг “хэрээс хэтэрсэн, хэтэрхий даварсан давуу эрх” гэж нэрлэж байсан билээ.

Алт-валютын стандартаас татгалзаж, алт болон бусад үнэт металлын ямар ч баталгаагүй “фиат” буюу зүгээр л цаасан валют руу шилжсэн нь АНУ-ын дотоодын бодит үйлдвэрлэлийг хохироож, эдийн засагт нь санхүүгийн салбар хэт давамгайлах суурийг тавьжээ. Үүний гашуун үр дүнд 1970 оноос хойш АНУ-ын үйлдвэрлэлийн салбарын ажлын байр даруй 30%-иар цөөрсөн бол санхүүгийн салбарын ажилтны тоо бараг гурав дахин үсрэнгүй нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, АНУ-ын төрийн жолоо, эдийн засгийн удирдлагыг Уолл-стритийн улайрсан тоглогчид, тухайлбал өмнө дурдсан “Блэкрок” зэрэг аварга том корпорацын гарт зориуд, алсын хараатайгаар шилжүүлсэн гэж хэлж болно.

АНУ-ын улсын өр: үндэсний болон дэлхийн тулгамдсан асуудал

Хөрвөх чадварын асар том хөөс үүссэн нь баялгийн урсгалыг бодит эдийн засгаас санхүүгийн салбар руу шилжихэд хүргэв. Өнөөдөр Америкийн санхүүгийн активуудын үнэлгээ бодит эдийн засгийнхаас даруй 6 дахин даваад байна.

Энэ бүхэн АНУ-ын улсын өр хяналтгүй өсөх шалтгаан боллоо. Зөвхөн 2020 оны 3-р сараас хойш холбооны төсвийн өр нь өмнөх 200 жилийнхээс илүү өсчээ. Ийм бодлогын үр дүнд 2023 онд АНУ-ын улсын өрийн ДНБ-д эзлэх хувь 100-д тулж ирэв. Одоогийн байдлаар энэ өсөлтийг хязгаарлах бодит алхам хийгдэхгүй байна.

Өнөөдөр АНУ-ын улсын өр 100 өдөр тутамд 1 их наяд ам.доллароор нэмэгдэж байна. Олгох хүүгийн төлбөрийн хэмжээ таван жил тутамд хоёр дахин өсөж, эрүүл мэнд, батлан хамгаалахын зардлаас нь аль хэдийн давжээ. Улсын өрийн үйлчилгээний зардал ийнхүү өссөн нь Холбооны нөөцийн систем (ХНС)-ийг инфляцын аюул заналыг үл харгалзан, 2024 оны 9-р сард бодлогын хүүгээ шууд хагас хувиар огцом бууруулахад хүргэсэн юм.

АНУ-ын нийгмийн томоохон хөтөлбөрүүдийн баталгаагүй үүрэг амлалтууд нь төсвийн алдагдал болон улсын өрөөсөө ч илүү айдас төрүүлэм харагдаж байна. АНУ-ын Нийгмийн даатгалын системийн хувьд энэ тоо 29 их наяд, харин “Медикэр” эрүүл мэндийн хөтөлбөрийн хувьд 59 их наяд ам.доллароос давжээ. Шинжээчдийн таамаглаж байгаагаар, энэ хоёр байгууллага ирэх арван жилийн дотор дампуурахад хүрээд байна.

АНУ-ын шинэ засаг захиргааны нэг зорилго бол төсвийн алдагдлыг өнөөгийн 6.3%-иас ДНБ-ий 3% хүртэл бууруулах явдал юм.

Үүний тулд улсын өрийг бууруулах шаардлагатай бөгөөд үүнд зах зээлийн механизмаар хүрэх боломжгүй болсон нь харагдаж байна. АНУ эдийн засгийн зорилгодоо хүрэхийн тулд дахин нэг удаа шантааж, шууд сүрдүүлэг зэрэг хүчний аргуудыг ашиглах нь тодорхой байна.

2025 оны 3-р сарын 3-наас Мексик, Канадын бараанд 25%-ийн импортын татвар үйлчилж эхэлсэн (үүнд 10%-ийн татвар хүлээх Канадын эрчим хүчний баялаг хамаарахгүй). Мөн Хятадын барааны татварыг 10-аас 20% болгож хоёр дахин нэмэв. Инфляцыг бууруулах болон Чипний тухай хуулийн зэрэгцээ эдгээр алхам нь үйлдвэрлэгчдийг эх орондоо авчрах гэсэн АНУ-ын бодлогын хэсэг юм.

Америкийн хамгийн нөлөө бүхий шинжээчийн нэг Золтан Пожар нэгэн таамаглал дэвшүүлсэн нь АНУ нийт импортод бүх нийтийн гаалийн татвар ногдуулах замаар сүрдүүлж, дэлхий дахинд санхүүгийн шинэ тогтолцоог тулгахыг оролдож магадгүй. Энэ нь АНУ-ын улсын бүх өрийг зах зээлийн түвшнээс маш бага хүүтэй, 100 жилийн дараа эргэн төлөгдөх нөхцөлтэй Сангийн яамны бонд болгон хөрвүүлэхийг тусгаж байгаа юм.

Хэвлэлийнхний нэрлээд буй “Мар-а-Лаго”-гийн хэлэлцээр нь 1990-ээд онд Японы эдийн засгийг уналтад хүргэсэн АНУ болон түүний холбоотнуудын “Плаза”-гийн цуутай гэрээг олон талаар давтаж магадгүй байна. Өөрийгөө аврах гэсэн АНУ-ын бодлого хөгжиж буй орнуудыг төдийгүй ойрын холбоотнуудыг нь ч эдийн засгийн ёроол руу дахин чирч унагаж болзошгүй нь тодорхой юм.

Америк доллар: дэлхийн валютын үүрэг

Фиат (цаасан) мөнгийг ашиглахад суурилсан дэлхийн валютын систем дэх АНУ-ын давамгайлал нь өрийн болон санхүүгийн цуврал хямрал, түүнчлэн хөгжиж буй хэдэн арван орны хувьд “алдагдсан арван жилүүд”-ийг дагуулав.

Эдгээр хямралын шалтгаан нь хөгжиж буй орнуудын ам.доллараар авсан томоохон зээлүүд, үүнээс үүдэлтэй үндэсний валютынх нь үнэгүйдэл юм.

Энэ байгууллагууд анхнаасаа валютын зах зээлийг тогтворжуулах, ядууралтай тэмцэх зорилго тавьж байсныг тусгайлан тэмдэглэх нь зүйтэй. Гэвч дараа нь тэдний хүрээнд хөгжиж буй орнуудад Барууны  шинэ либераль хандлагыг тулгасан “Вашингтоны зөвшилцөл” гэгч зүйл бий болсон билээ.

ОУВС-гийн зээлийн нөхцөлүүд нь мөн чанартаа хөгжиж буй орнуудын эдийн засагт хүнд дарамт болж, тэдгээрийн өсөлтийг боомилж ирсэн юм.

Шинжээчдийн тооцоолсноор сүүлийн 45 жилийн хугацаанд хөгжиж буй орнуудаас хөгжсөн орнууд руу шилжсэн баялгийн дахин хуваарилалтын хэмжээ даруй 16 их наяд ам.долларт хүрчээ. Үүний хамгийн тод жишээ бол ОУВС болон Дэлхийн банкны ивээл дор Украинд хэрэгжүүлж буй “бүтцийн шинэчлэл” гэгч юм. Эдгээр шинэчлэлийг хийх нь Украинд санхүүгийн тусламж олгох зайлшгүй нөхцөл болдог бөгөөд тус тусламжийг стратегийн чухал ач холбогдолтой активууд, үүний дотор хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг нь барьцаалан олгож байна.

Хэдэн жилийн өмнө Барууны олон улсын байгууллагуудын хүчтэй шахалтаар, ард иргэдийнх нь эрс эсэргүүцлийг үл харгалзан Украин улс хөдөө аж ахуйн газар худалдахыг хориглосон шийдвэрээ цуцлахаас өөр аргагүй болсон юм. Өнөөдрийн байдлаар 9 сая гаруй га газар (нийт тариалангийн талбайн гуравны нэг) хувийн эзэмшилд шилжээд байна. Мөн хамгийн том газар эзэмшигч эхний 10 компани дотор Украины ердөө ганцхан компани байгаа бөгөөд үлдсэн ес нь хилийн чанадад бүртгэлтэй байна.

Украины хөдөө аж ахуйн компаниуд Америк болон Европын санхүүгийн байгууллагуудад олон тэрбум ам.долларын өртэй. Тэдний өрийн дарамт дэндүү өндөр байгаа тул дефолт зарласан тохиолдолд активууд нь зээлдүүлэгчдийнх нь гарт бүрмөсөн шилжих магадлалтай байна.

Украины хөдөө аж ахуйн эдэлбэр газар болон улсын өрийг эзэмшигчдийн дунд “Блэкрок”, “Вангард”, “Эн-Си-Эйч Кэпитал”, “Коперник Глобал Инвесторс”, “Би-Эн-Пи Париба Ассет Менеджмент” зэрэг Америкийн санхүүгийн алдартай гигант болон Саудын Арабын Баялгийн сан багтаж байна.

Ам.долларын байр суурийг өмнөх түвшинд нь барьж үлдэх боломж нэгэнт хомсоджээ. Бүр 1960 онд Бельги-Америкийн эдийн засагч Роберт Триффин ам.долларын урт хугацааны давамгайллын эрсдэлийг урьдчилан таамагласан байдаг. Түүний томьёолсон “Триффиний дилемма”-д дурдсанаар, ам.доллар олон улсын нөөц валютын үүргээ гүйцэтгэхийн тулд АНУ-ын төлбөрийн тэнцэл байнгын алдагдалтай байх шаардлагатай бөгөөд энэ алдагдал нь санхүүгийн системийн хөрвөх чадварыг тэтгэж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмждэг аж. Гэвч төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэх нь дэлхий дахинд ам.долларын илүүдэл үүсгэн, Америкийн валютад итгэх итгэлийг сулруулж, улмаар түүний олон улсын статусд шууд заналхийлдэг байна.

ОХУ- дэлхийн баялгийн сан, Евразийн эрчим хүчний аюулгүйн баталгаа

Ам.долларыг хориг арга хэмжээний зэвсэг болгон ашигласантай адил өөр нэгэн том алдаа бол Орос улсыг эрчим хүчний зах зээлээс шахан гаргах гэсэн Барууны бодлого юм.

Асар баялаг, олон нэр төрлийн түүхий эдийн нөөцтэй Орос улс дэлхийд онцгой байр суурь эзэлдэг. Манай улсын байгалийн баялгийн нийт үнэлгээ 100 их наяд ам.долларт хүрч байгаа бөгөөд энэ нь АНУ-ын ижил төстэй үзүүлэлтээс даруй хоёр дахин их юм. Энэхүү баялаг нь манай улсад асар их хариуцлага оноож буй хэрэг билээ.

Яг энэхүү хосгүй нөөцийн бааз суурь нь урт хугацааны ирээдүйд гадаадын түншүүддээ эрчим хүчийг найдвартай нийлүүлэх гол үндэс болж, улмаар Евразийн бүс нутгийг бүхэлд нь эрчим хүчний аюулгүй байдлаар хангаж байна.

Leave a comment

Trending