Хятад улсын хилээр зорчих шинэ журам 9-р сарын 15-ны Мягмар гаригаас мөрдөгдөж эхэллээ. Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилготой гэсэн тайлбартай энэхүү шинэ журмаар БНХАУ-ын хилээр нэвтрэх болон гарах хяналт шалгалтыг илүү чангатгаж, хориг тавих юм. Ингэхдээ дотоодын болон гадаадын иргэн аль алинд нь үйлчлэхээрээ онцлог.

Хэрвээ дотоодын иргэн Хятадын аж үйлдвэр, технологийн шаардлагыг зөрчсөн гэж үзвэл хилээр гарах хоригийг 6 сараас эхлээд тодорхойгүй хугацаагаар тавих юм. Гадаадын иргэн виз хүсэхдээ худал мэдээлэл өгсөн бол Хятадын хилээр нэвтрүүлэхгүй.

Хилийн хориг тавих үндэслэлүүд өмнө ч мөрдөгдөж байсан ч шинэ журмаар банк санхүү, өндөр технологи, хиймэл оюуны салбарын дотоод болон гадаадын иргэдэд илүүтэй чанга үйлчилж магадгүй гэсэн болгоомжлол төрүүлж байгаа юм. Өнгөрсөн жилээс хилийн хориг тавигдсан иргэдийн тохиолдлууд энэ болгоомжлол үндэслэлтэйг нотолж байгаа юм.

Өнгөрсөн онд Хятадад үйл ажиллагаа явуулдаг Wells Fargo банкны гадаад ажилтан, мөн АНУ-ын засаг захиргааны ажилтанд Хятадын хилээр гарахыг хориглосон. Энэ оны эхээр хиймэл оюуны стартап Manus компанийн үүсгэн байгуулагч хоёр хятад иргэнд хилийн хориг тавьсан. Бээжингийн энэ үйлдэл нь уг стартапыг Meta-д худалдагдах замыг хаасан гэж үздэг. Ингэснээрээ хиймэл оюуны компаниудын аливаа наймааны асуудал Хятадын төрийн эрх ашиг гэдгийг харуулсан. Мөн энэ тохиолдлоос хойш хиймэл оюуны салбарт үйл ажиллагаа явуулдаг гадаадын компанийнхан Хятад руу алба, амины алив ажлаар зорчихоос ихээхэн болгоомжилдог болж, зарим томилолтоо цуцлах болжээ.

Хятад, АНУ-ын хооронд хиймэл оюуны салбарын өрсөлдөөн улам хурцдаж буй энэ үед хиймэл оюун, өндөр технологийн чип үйлдвэрлэл зэрэг салбарын дотоод гадаадын ажилчид Бээжингийн анхаарлын төвд орсон. Технологийн хөгжлийн хувьд бүрэн бие даасан байхыг Хятад эрмэлзэж байгаа учраас хяналт, шалгалт хийх төрийн байгууллагуудад энэ чиглэлд ажиллах эрхийг зорилготойгоор өргөжүүлж байна. Хиймэл оюун, өндөр технологиос гадна газрын ховор элементийн олборлолт, боловсруулалтын салбар ч үүнд бас багтаж байна.

Шинэ журмыг хэрэгжүүлэхдээ Хятадын удирдагчид аль болох хуулийн хүрээнд байхыг зорьж байгааг гадаадын хуульчид онцолсон байна. “Хилийн хориг тавигдсан иргэнд хориг тавьж буй үндэслэлийг бичгээр танилцуулж, энэ тохиолдолд тухайн иргэнд ямар арга зам байгааг тайлбарлах процедурыг шинэ журамд тусгасан. Өмнө нь зүгээр л баривчлан саатуулдаг байсан, тухайн хүн яагаад саатуулагдаж байгаагаа ч ойлгодоггүй байсан. Хятад илүү хуулийн хүрээнд ажиллах болсон” хэмээн хуулийн Harris Sliwoski фирмийн хуульч Дэн Харрис ярьжээ.

Гадаадын иргэд Хятадын хилээр нэвтрэхдээ тулгардаг бэрхшээлүүд хэвээр, бүүр илүү төвөгтэй болох байх гэж Дэн Харрис үзэж байна. Хятадад зорчих үндэслэлээ тайлбарлахыг шууд шаардах эрхтэй болохын дээр тухайн иргэнийг Хятадад урьсан иргэн, байгууллага, компанид ч илүү хяналт ногдуулах болно. Хэрвээ урьсан этгээд хиймэл оюун, өндөр технологи, газрын ховор элемент зэрэг стратегийн салбарт хамаатай бол хяналт шалгалт улам чангарах юм.

Шинээр мөрдөгдөж эхэлсэн журамтай холбоотойгоор зарим салбарын иргэд, тухайлбал, чип үйлдвэрлэл, өндөр технологи, төрийн албан хаагч, бас шашны байгууллагынхан Хятад руу зорчих үед асуудал үүсч болзошгүйг Тайванийн Эх газартай харилцах асуудал хариуцсан албаныхан Даваа гаригт анхааруулсан мэдэгдэл гаргажээ.

Шинэ журам Хятадын хилээр орж, гарахаас гадна гадаад оронд байгаа өөрийн харъяат иргэдээ хянах боломжийг олгоно гэж үзэх хүмүүс байна. Сүүлийн жилүүдэд Хятад өөрийн иргэдийн гадаад орон дахь үл хөдлөх хөрөнгө, актив, олж буй орлогод татвар ногдуулж, Хятадын хуулийг дагаж мөрдөхийг шаардаж эхлээд байгаа. Энэ шаардлагыг биелүүлээгүй иргэн эх нутаг руугаа нэвтрэх үед орохыг хориглож магадгүй болж байгаа ажээ.

Гадаад оронд байгаа иргэдийнхээ орлогод татвар ногдуулж байгаа нь хятадууд иргэншлээ солих сэдлийг төрүүлэх эрсдэл байгаа ч хятад иргэн харъяатаасаа гарсан ч Хятадын татвар төлөгч гэсэн статус автоматаар өөрчлөгддөггүй хэмээн хуулийн Fung, Yu & Co фирмийн хуульч Гарри Ю ярьжээ. “Харъяатын өөрчилж, гадаад улсын паспорттай болсон нь Хятад улсын татвар төлөгч гэсэн статусыг автоматаар өөрчлөхгүй. Тухайн хүний хамаарал бүхий гэр бүл, байнга амьдардаг байршил, эдийн засгийн хэлхээ холбоо нь Хятадад байгаа бол татвар төлөгч хэвээр байна” хэмээн Гарри Ю хэлжээ.

Leave a comment

Trending